Монгол улс бараг 18 жил завсарласны эцэст удахгүй Буриадын бүгд найрамдах улсад үржийн мал нийлүүлнэ. Монгол Улсын Сэлэнгэ аймагт саяхан болсон ажлын зөвлөлгөөний үеэр энэ талаар тохиролцсон юм. Буриадын төлөөлөгчдийг тус бүгд найрамдах улсын Хүнс хөдөө аж ахуйн сайд Жаргал Батуев тэргүүлэв. Тэрээр манай тусгай сурвалжлагч Ольга Павловичид ийнхүү ярилаа: "Бид монголын түншүүдээс үржлийн бог мал нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Учир нь зөвлөлтийн үед Буриад 1,5 сая толгой хоньтой байсан бол одоо ердөө 250 мянга хүртэл цөөрсөн. Монгол үүлдэрийн хонь Буриадын байгаль цаг уурын орчинд сайн дасан зохицдог. Монгол хонь өвс, тэжээл голж шилдэггүй, жилийн турш бэлчидэг онлцлогтой. Буриадын бүгд найрамдах улсын хөдөө аж ахуйн салбарт хонины тоо толгойг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ нь буриад болоод монголын талд ашигтай юм. Монгол Улсад малын тоо толгой 40 саяаас давсан. Ердөө 2 гаруйхан сая хүн амтай улсад энэ үнэхээр их тоо. Харин бид хонийг өндөр үнээр худалдан авч байгаа".
Монголоос авсан хонийг хаана бэлчээх вэ? Ямар компани мал нийлүүлж байна?
Манай бүгд найрамдах улс, Хяхт, Жинжиний дүүргийн хорио цээрийн бүст монголоос авсан малыг бэлчээнэ. Монголын түншүүдтэй мал нийлүүлэх талаар тохиролцохоос өмнө бид ОХУ болон Монгол улсад хорио цээрийн бааз байгуулахад их зүйл хийсэн. Манай бүгд найрамдах улсын мал эмнэлгийн албаны төлөөлөгчдийн шууд оролцоотой, тэдний хяналтанд мал эмнэлгийн хяналт, хорио цээрийн бүх шаардлагыг биелүүлсэн. Мал хөлөөр нь нийлүүлэх зөвшөөрөлтэй монголын “Жаст групп” компани мал нийлүүлнэ. Энэ компани 6-р сарын эцэс хүртэл 3 мянган толгой хонийг буриадын нутаг дэвсгэрт оруулна. Цаашид Буриадын хил орчмын нутгийн аж ахуйд хонь нийлүүлэх нэмэлт гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Өнөөгийн байдлаар бид монголын талтай Закаменскийн махны үйлдвэрт бод мал нийлүүлэх яриа хэлэлцээ хийж байна. Энэ компани Монголоос 5 мянган толгой мал авахад бэлэн байна. Ийм гэрээ байгуулахын тулд монголын тал ОХУ-ын Хөдөө аж ахуйн хяналтын газар нядалгааны малын мал эмнэлгийн гэрчилгээг танилцуулж, холбогдох зөвшөөрөл авна. Эцэст нь Монголоос Орос улсад мал хөлөөр нь нийлүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагааны чухал асуудлын нэг билээ. Буриадын бүгд найрамдах улс эхэлж алхам хийлээ. Монголоос баяд үүлдэрийн үржлийн бог мал Тувад нийлүүлэхээр саяхан тохиролцлоо. Энэ нь Орос улсын тус бүгд найрамдах улсын малын үүлдэрийг сайжруулах зорилготой юм. Манай нэвтрүүлэгт Буриадын бүгд найрамдах улсын Хөдөө аж ахуйн сайд Жаргал Батуев оролцов.