Стратегийн давшилтын зэвсгийн талаарх орос-америкийн шинэ гэрээг бэлтгэх нь олон улсын аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцэнэ. Москва хотноо энэ сэдвээр яриа хэлэлцээ эхэлсэнтэй холбогдуулан стратегийн зориулалттай оросын пуужингийн цэргийн командлагч Николай Соловцов ийм байр суурь илэрхийлэв. Стратегийн давшилтын зэвсгийг хязгаарлах тухай одоо үйлчилж байгаа гэрээний хугацаа 12-р сард дуусана. Үүний оронд шинэ гэрээ боловсруулахгүй бол цөмийн зэвсэгт хяналт тавих олон улсын дэглэмийг тасалдуулна. Үндэсний нутаг дэвсгэрийн хил хязгаараас гадна стратегийн давшилтын зэвсгийг байрлуулахыг урьдын адил хориглож, цөмийн цэнэгт хошуу төдийгүй цөмийн зэвсгийн стратегийн тээгчийн тоог хязгаарлах шинэ баримт бичиг байгуулах нь Орос улсын ашиг сонирхолд нийцэнэ гэж генерал хэлэв. Соловцовын ярьснаар баримт бичигт мэдээлэл солилцох, шалгалтын хяналтын механизмын хялбарчуулсан хувилбарыг тусгажээ.