Орос улсын Хүнс хөдөө аж ахуйн сайд Елена Скрынникийн удирдлаганд мал эмнэлгийн хяналтын салбарт орос-монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар зөвлөлгөөн боллоо. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путины даалгавраар зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Орос, Монголын мал эмнэлгийн албадын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол улсаас мах, түүхий эд, амьтныг ОХУ-д нийлүүлэхэд аюулгүй байдлыг хангах үндэс суурийг бүрдүүлэх асуудлыг зөвлөлгөөнөөр хэлэлцэв. Өнөөгийн байдлаар Монголын 11 аймагт орших 29 аж ахуйн нэгж Орос улсад мах, түүхий эд нийлүүлэх компанийн жагсаалтад багтжээ. Монгол Улстай хиллэдэг ОХУ-ын субъектад үхрийн ястай мах, үхэр, хонины ясгүй мах, адууны мах, сүргийн болон хүнсний хэрэглээнд хонь, ямааны мах нийлүүлэхийг зөвшөөрчээ. Орос, Монголын хооронд худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх шаардлагатай байгааг харгалзан Оросын Хөдөө аж ахуйн хяналтын газрын удирдлага ойрын үед мал эмнэлгийн хяналтын салбарт хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх тодорхой санал дэвшүүлэх бодолтой байна. Монгол Улсын мал эмнэлэгийн ажлын чанарыг шинэ түвшинд хүргэх, энэ улсад малын тахлын байдлыг бүхэлд нь сайжруулах цогц хөтөлбөр боловсруулахаар төлөвлөж байна.