Оросын эрдэмтэд мэдрэлийн эсийг нөхөн сэргээж байна. Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Томскийн эрдэм шинжилгээний төвийн эм судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд тархины гэмтсэн эсийг нөхөн сэргээх арга барил боловсруулжээ. Тэд энэ зорилгоор өвчтөний төлжүүлэх эсийг идэвхжүүлэхийг санал болгов. Сибирийн эрдэмтдийн зохиосон тархины эмгэг анагаах арга барил нөхөн сэргээх анагаах ухааны зарчмын хувьд шинэ чиглэл болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эдүүгээ тархины эмгэг анагаах нэлээд олон арга хэрэгсэл бий. Гэвч одоо хэрэглэж буй эмийн бэлдмэл үхсэн эсийг нөхөн сэргээхгүй байна. Тэдгээр үлдсэн мэдрэлийн эсийн ажиллагааг зөвхөн идэвхжүүлэх юм. Бид өөр зам сонгож авахаар шийдсэн гэж шинэ арга барил боловсруулагчдын нэг анагаах ухааны доктор Глеб Зюзьков хэлээд, “Бидний санал болгосон боловсруулалт насанд хүрсэн хүн бүрийн организмд байгаа төлжүүлэх эсийг идэвхжүүлэх уг чанартай. Эдгээр эсийг идэвхжүүлж, үржүүлж нөхөн сэргээх үйл явцад туслах элемент болгож байна. Төрөлхийн зохицуулах системийн ажиллагааг дууриалгах замаар тийм үр дүнд хүрсэн. Новосибирскийн «Вектор» улсын эрдэм шинжилгээний төвийнхтэй хамтран боловсруулсан «Цитокин» эмийн бэлдмэлийг нэвтрүүлэв. Харин өөр зорилгоор нэвтрүүлсэн. Энэ бэлдмэл төлжүүлэх эсийг цусанд шилжүүлэх шинж чанартай нь одоо илрэв. Эмийн бэлдмэл дотоодын зохицуулагчдад нааштай нөлөөлж байна. Тэгэхдээ эсийн нөөц шавхагдаж дуусахгүй гэв. Эрдэмтэн цааш ярихдаа, «Цитокин» бэлдмэл чөмөг гаралтай төлжүүлэх эсийг мэдрэлийн төв системийн гэмтсэн хэсэгт шилжүүлж тогтоож байна. Энэ нь тархинд урьдын эсийг нэмэгдүүлэх үр дүнтэй юм. Бидний арга барил мэдрэлийн гэмтсэн эсийг шинээр солих тархины эмгэг анагаах үндсэн зорилтыг биелүүлэх боломж өгч байна. Түүнийг хэрэглэсний ачаар мэдрэлийн төв системийн олон талт ажиллагааг хариуцах шинэ цогцолбор нейрон бий болдог. Лабораторийн туршилтын явцад тархины өвчтэй амьтан бараг бүрэн эдгэрэв. Зохисгүй нөлөө нэлээд багассан. Одоо бид нанотехнологи, электрон туяагийн нийлэгийн тусламжаар нөхөн сэргээх анагаах ухаанд хэдэн шинэ төрлийн бэлдмэлийг боловсруулж байна гэж доктор Зюзьков хэллээ. Оюуны өмч, патент, барааны тэмдгийн холбооны алба томскийн эрдэмтдийн шинэ боловсруулалтыг 2008 оны Оросын шилдэг 100 шинэ бүтээлийн цэст багтаав. Сибирийн эрдэмтдийн арга барилыг дэлхийн зонхилох орнуудад бүртгэсэн байна.