Оросын Ус цаг уур судлалын алба 175 жилийн ойгоо энэ онд тэмдэглэж байна. Соронзон-цаг уур судлалын анхны одон орны оргилыг Санкт- Петербургт 1834 оны 4-р сард байгуулжээ. Эдүүгээ Оросын ус цаг уурын судлалын алба дэлхийн цаг уур судлалын гурван төвийн нэг боллоо. Одоо 182 улсыг нэгтгэсэн дэлхийн цаг уурын алба москвагийн цаг уурын албаны мэдээ баримтгүйгээр ажиллаж чадахгүй. Эдүүгээ оросын цаг уурын судлаачид АНУ, Япон болон Европын Холбооны дэлхий орчмын тойрог зам дахь олон улсын хиймэл дагуулын бүлгийн мэдээллийг хэрэглэж байна. “Гэвч том улс орон дэлхий орчмын тойрог замд өөрийн хэрэглүүртэй байхыг хичээдэг. Юу гэвэл олон улсын сүлжээнд дамжуулах мэдээлэл бүрэн бус байдаг” гэж Оросын цаг уурын албаны удирдагч Александр Бедрицкий онцлон тэмдэглэв. Манай алба энэ онд цаг уур судлалын ажиглалт хийх сансрын хоёр аппараттай болно гэж тэрээр мэдээлээд, “Бид оросын цаг уур судлалын хиймэл дагуулыг удахгуй хөөргөх гэж байна. «Метеор-3М» туйл-дэлхий орчмын тойрог замын хиймэл дагуулыг энэ оны 5-р сарын шувтаргаар хөөргөх юм. Мөн «Электра» дэлхийг тойрох хиймэл дагуулыг 2009 оны 12-р сард хөөргөхөөр төлөвлөсөн. Эдгээр хиймэл дагуул агаар мандалд хүлэмжийн хий гэгчийн байдалд хяналт тавих, агаар мандлын химийн бүтцийг судлах боломж өгч байна. Арктик, Антарктикийг судлах нь Оросын цаг уур судлалын албаны ажлын бас нэг чухал чиглэл болсон. Эдгээр хоёр туйл дэлхийн цаг уурын байдал бүрдэж төлөвших, өөрчлөгдөх үйл явцад гол үүрэг гүйцэтгэж байна. Оросын эрдэмтэд 2007 оны 3-р сараас 2009 оны 3-р сарыг дуустал үргэлжлэсэн Олон улсын туйлын жилийн хүрээнд 159 туршилт хийж, агаар мандал мөст талбарыг ажиглаж чухал мэдээлэл цуглуулсан тухай Оросын ус цаг уур судлалын албаны туйлын ба тэнгисийн ажиллагааны удирдах газрын орлогч дарга Валерий Мартыщенко мэдээлэв. Туйлыг хойшид ч идэвхтэй судална гэж тэрээр онцлон тэмдэглээд, “Мэдээж том нарийн түвэгтэй хэдэн төсөл хэрэгжүүлнэ. Тухайлбал эрдэм шинжилгээний шинэ төвийг Шпицберген олтригт байгуулна. Төрөөс үүнд хөрөнгө гаргасан. Одоо төвийн зураг төслийг бүтээж байна. Антарктикт ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, “Дэвшилт” станцад шинэ бааз байгуулж байна. Мөн дэлхийн хамтын нийгэмлэгт чухал ач холбогдолтой цогцолбор арга хэмжээ «Восток» станц дээр авч байна. Мөсөн доорх Восток нуурт нэвтрэх судалгаа тэнд хийж байна. Усны сорьц авах нь шинжлэх ухааны шинэ нээлт болж, бүр 15 сая жилийн турш байгал хэрхэн өөрчлөгдөснийг мэдэх боломжтой гэлээ. Антарктидын мөсөн талбарын төв дунд орших оросын Восток станц гариг дэлхийн хүйтний туйл юм. Цельсийн шаталбраар 89,2 хэм хүйтэн энд болсоныг 1987 онд бүртгэжээ. Эдүүгээ Восток станц орчимд бас маш хүйтэн байна. Тухайлбал 4-р сард 55,4 хэм хүйтэн байсан. Энэ нь онцгой шинэ явдал биш, сүүлийн жилүүдэд Зүүн Антарктидад бүх улирлын хүйтэн туйлдаа хүрсэн гэж эрдэмтэд мэдээлэв. Оросын 12 туйл судлагч Восток станц дээр ийм хүйтэн нөхцөлд эрдэм шинжилгээний ажил хийсээр байна.