“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. Урьд геополитикт хамрагдахгүй байсан Монгол Улсыг одоо дэлхийн гүрнүүд улам их сонирхож байна. Орос улсын шинжлэх ухаан Академийн Дорно дахины хүрээлэнгийн Монголын хэлтсийн тэргүүн, түүхийн ухааны доктор Владимир Грайворонскийн “Известия” сонинд гарсан нийтлэлгийн гол санаа ийм байна. “Оросын дуу хоолой” радиогийн сонсогчдод энэ гайхалтай нийтлэлийг товчлон хүргэе.  ОХУ-ын засгийн газрын тэргүүн В.Путин саяхан Монгол Улсад амжилттай айлчлах үеэр 20 хүрэхгүй жилд энэ улсад болсон гүн гүнзгий өөрчлөлт илт мэдрэгдэх болов. Монгол Улс урьд эдийн засаг, улс төрийн хувьд ЗХУ-аас нэлээд хамааралтай байсан бол 1990 оноос хойш тус улс бүрэн бие даасан, хараат бус “олон тулгууртай” гэж хэлж болох гадаад бодлогыг сонгосон билээ. Бараг 20 жилд болсон үйл явдлаас үүдэн бие даасан Монгол Улсын олон улсын нэр хүнд өссөн тухай итгэл төгс хэлэх үндэслэлтэй гэж оросын эрдэмтэн тэмдэглэж байна. Энэ улс эдийн засгийн байр сууринаас нэлээд сонирхол татаж байна гэж “Известия” сонины нийтлэлд өгүүлжээ. Сүүлийн жилүүдэд тус улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын шинэ томоохон орд илэрч байна. Тухайлбал нүүрс, зэс, алт, уран, мөнгөний орд юм. Дэлхийн томоохон компани тэр дундаа оросын компани энэ ордыг боловсруулахыг сонирхож байна. Мэдээж хэрэг геополитикийн байр сууринаас Монгол улс сонирхол татаж байгаа нь чухал хүчин зүйл билээ. Энэ улс Орос, Хятад их гүрний дунд оршдог. Газар зүйн энэ ер бусын байршил АНУ зэрэг олон оронд нэлээд сонирхолтой байна гэж Грайворонский тэмдэглэв. Орос, Хятад, АНУ-аас гадна Япон, Герман, Өмнөд Солонгос, Канад, Европын Холбоо зэрэг нэгдэл одоо Монгол Улсад идэвхтэй ажиллаж байна. Өнөөгийн байдлаар Монгол улсад америкчүүдийн улс төр, эдийн засгийн нөлөө хангалттай их байгааг Владимир Грайворонскийн нийтлэлдээ тэмдэглэв. Улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөлд хэд хэдэн орноос олгож байгаа гадаад тусламж, Монгол Улсыг хөгжүүлэх олон улсын санхүүгийн байгууллага- хандивлагч орнууд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Америкчүүд зонхилох байр суурьтай байдаг ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагыг хэлж болно. Саяхан гэхэд АНУ Мянганы сорилын сангаас Монгол Улсад 285 сая долларын хэмжээтэй буцалтгүй тусламж үзүүлэв. Монгол улсын нутаг дэвсгэрт хамтарсан сургалт явуулах НҮБ-ын энхийг сахиулах хүчнийг бэлтгэх Олон улсын төв байгуулахад америкчүүд тусалсан. Монголын энхийг сахиулагчид Ирак, Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон. Монгол улс саяхан энэ улсаас цэргийн анги нэгтгэлээ гаргасан. Монгол улс дахь америкийн нөлөөг хэт их хэмээн дөвийлгөн ойлгож болохгүй гэж оросын эрдэмтэн үзэж байна. Одоохондоо америкийн цэргийн баазыг монголын нутаг дэвсгэрт байгуулах тухай яриагүй. Монгол Улс нутаг дэвсгэртээ цэргийн бааз үл байгуулах үүрэг хүлээсэн улс хоорондын гэрээг Орос, Хятад улстай байгуулсан. Монголын нутаг дэвсгэрт ямар нэг улс орны цэргийн бааз бий болох боломжтой эсэх “Известия” сонины сурвалжлагчийн асуултанд Грайворонский хариулахдаа, ойрын хугацаанд энэ улсын нутаг дэвсгэрт америк, хятадын ямар ч бааз бий болохгүй. Орос улсын бааз ч байгуулагдахгүй гэж тэрээр ярив. Өнөөгийн Монгол улс төвийг сахин сонгодог хувилбарыг хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна гэж оросын эрдэмтэн үзэж байна. Тус улс хэд хэдэн хүчирхэг туйлийн хооронд тэнцвэртэй байх зарчим нь гадаад бодлогын үндэс юм. “Известия” сонины сурвалжлагч Александр Латышевын Улаанбаатар хотод өнгөрсөн оны зун болсон эмх замбараагүй байдлын тухай асуултанд Грайворонский хариулахдаа, “энэ үйл явдал гадаадаас төлөвлөсөн “өнгөт хувьсгал биш” гэв. Гадаадын тэр дундаа америкийн байгууллага Монгол улсад гарцаагүй үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа ч, улс орны дотоод байдал хурцадсан нь үймээн дэгдэх шалтгаан болсон гэж тэр үзэж байна. 5-р сарын 24-нд болох ерөнхийлөгчийн сонгууль тайван болж өнгөрнө гэж оросын томоохон монголч эрдэмтэн үзэж байна. МАХН-аас нэр дэвшиж байгаа, өнөөгийн ерөнхийлөгч Н.Энхбаяр ерөнхийлөгчөөр дахин сонгогдох магадлал өндөр хэмээн тэр хэлэв. Монгол Улсын өнөөгийн ерөнхийлөгч Москва хотын Утга зохиолын их сургууль төгсөөд, орчуулагчаар ажиллажээ. Орос Улсын ерөнхийлөгч Д.Медведевийн зарлигаар Н.Энхбаярыг Пушкины медалиар шагнасан юм. Н.Энхбаяр оросын талыг баримталдаг улс төрч эсэх “Известия” сонины асуултанд түүхийн ухааны докиор В.Грайвронский хариулахдаа, монголын бүх улс төрч юуны түрүүнд монголын талаа баримталдаг болохыг тэмдэглэв. 
Оросын томоохон монголч эрдэмтэн Грайворонскийн “Известия” сонинд гарсан нийтлэлийг товчлон та бүхэнд хүргэлээ.