Эрхэм радио сонсогчид оо, сайн байцгаана уу, “Оросын дуу хоолой радиогоор” долоо хоног тутмын “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг дамжуулж байна. Уламжлал ёсоор захидлын тоймоос эхэлье. Бид Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд захидал хүлээж авсаар байна. Ховд аймгийн Жаргалан сумын Д.Дэлгэр, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын У.Байтурсан, Төв аймгийн Баянцогт сумын В.Энхтайван, Дорнод аймгийн Хэрлэн сумын Г.Халзан, Улаанбаатар хотын Г.Бэхбат, Т.Буянхишиг, У.Хэрлэнтуул, Ш.Гантөмөр болон бусад сонсогчдоос захидал хүлээж авав. Манай радиог эртнээс сонсч байгаа Г.Гэндэн асуулт хариултын уралдаанд мөн хариултаа илгээжээ. Үүнээс гадна тэр бичихдээ: ”Уралдаанд шагналт байранд орох бус оролцох нь миний хувьд чухал. Зөвлөлтийн идэр залуу охид, хөвгүүд манай эх орон, монголын ард түмний төлөө, манай үр хүүхдийн ирээдүйн төлөө амь амьдралаа өргөснийг хэзээ ч мартаж болохгүй. Тэдний харамгүй ялалтыг бид дурсан санах ёстой”. Уралдаанд оролцогчдын нэг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сонсогч З.Цэрэнням захидалдаа, “Япончуудад эзлэгдсэн бол өнөөг төсөөлөхөд бэрх. Миний эцэг дайнд оролцож, “Бид ялна” медалиар шагнуулсан юм. Манай хамаатан Ванчигийн Рэгзэн Халх голын тулалдаанд амиа алдаж, гэртээ иргэж ирээгүй тухай миний ээж их яридаг. Орос, монголын дайчдын гавьяа бидний зүрх, сэтгэлд мөнх оршино”. Ойр дотны хүмүүс, эцэг эх нь охид, хөвгүүдээ манай орныг хамгаалуулахаар илгээж, тэд амь бие хайрлалгүй тулалдсаныг бодохоор зүрх шимширдэг. Дэлхийн бүх ард түмэн энх тайван, зөрчил мөргөлдөөнгүй амьдраасай гэж хүсч байна”.
Асуулт хариултын уралдаанд оролцогчдын нэг Улаанбаатар хотын сонсогч Н.Төрбат захидалдаа, “Орос, Монгол улс эрт дээрээс хамтарч байгаа. “Ядрах цагт нөхрийн чанар танигдана” гэж яридаг. Зөвлөлтийн залуучууд 1939 онд бусад ард түмний сайн сайхны төлөө амиа өргөж, зөвлөлт ард түмний жинхэнэ мөн чанарыг харуулсан билээ. Цэргийн хашгирах дуу, морьдын төвөргөөн, байлдааны техник, танкны дуу чимээг төсөөлөхөөр нүдэнд нулимс хурдаг. Монголчууд орос хүнийг хараад, “Хараач, орос ах явж байна” гэж хэлдэг” гэжээ. Эрхэм анд нөхөд өө, чин сэтгэлийн, элгэсэг дотно үг хэлсэнд талархаж байна. Дайнаас илүү аймшигтай зүйл гэж үнэхээр байхгүй. Захидал, сонирхолтой бүтээл ирүүлсэн та бүхэнд баярлалаа.
Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Баянхонгор аймгийн Л.Ёндонсамбуу Бууцагаан сумын Х.Ганзориг, Ш.Намжилмаа, Эрдэнэцогт сумын тэдний төрөл төрөсдөд ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ. Дуучин Наташа Королева, Тарзан нарын дуулсан “Би мартахгүй” дууг сонсон уу. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг үргэлжилж байна. Ж.Наранцэцэг Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн тухай өгүүлэхийг хүсчээ. Москвагийн улсын их сургууль нь Москвагийн тэргүүлэх, томоохон их сургуулиудын нэг төдийгүй эх орны шинжлэх ухаан, соёлын төв, Орос улсын хуучны их сургуулиудын нэг билээ. М.В.Ломоносов, гүн И.И. Шуваловын санаачилгаар 1755 оны 1-р сарын 25-нд Москвагийн их сургуулийг байгуулсан билээ. Анх тус их сургуульд хууль зүй, гүн ухаан, анагаах ухаан зэрэг гурван факультет багтаж байсан юм. Эдүүгээ Москвагийн УИС 9 эрдэм шинжилгээний хүрээлэн, 40 факультет, 300 гаруй тэнхимтэй. 36 мянга гаруй оюутан, 4 мянга орчим аспирант, бэлтгэл ангийн 10 мянган сонсогч, бараг 50 мянган хүн их сургуульд суралцаж байна. Түүнчлэн 9 мянган багш, эрдэм шинжилгээний ажилтан ажилладаг. Москвагийн УИС 600 гаруй байшин барилгатай. Тэдгээр нийт 1 сая орчим ам метр талбайтай. Шинжлэх ухааны номын сан, оюутны театр, эрдэм шинжилгээний амьтан судлалын музей, ургамлын түүвэр, «Алтан ой» бүтээлч клуб, газар судлалын эрдэм шинжилгээний сургалтын музей, түүхийн музей, архив, ургамалын хүрээлэн их сургуулийн дэргэд ажиллаж байна. Их сургуулийн факультет, тэнхимүүд мэргэжлийн бэлтгэлийн чанарт ямагт их анхаарал тавьж ирсэн. Мөн оюутан аспирантын сургалтын үйл явцыг шинэчилж, боловсронгуй болгох талаар их зүйл хийдэг. Зарим факультетэд боловсрол бакалавр, магистр хэмээх хоёр үетэй. Бие дааж хийх ажил, практик ба төгсөгчийн ирээдүйн ажилтай холбоотой байх явдал сургалтын шинэ төлөвлөгөөнд их байр эзлэж байна. Боловсролыг хүмүүнлэгжүүлэх асуудал нэн чухал болсон. Нийгэм-хүмүүнлэгийн боловсролын факультет дундын төвийн багш нар байгаль, хүмүүнлэгийн факультетэд манай орны ба дэлхийн түүх соёл ба хэл бичиг, эдийн засаг, эрх зүй, урлагийн сэдэвт хичээл заадаг. Их сургуулийн оюутнууд хувийн төлөвлөгөөгөөр хичээллэх болон янз бүрийн факультетэд хэдэн мэргэжлээр лекц сонсох боломжтой. Одоо хөгжмийн завсарлагаар Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Т.Шийлэгдамбын хүсэлтийг биелүүлж, «Ээж минь зол жаргалтай амьдарч, урт удаан наслаарай» гэдэг дууг ээжид нь зориулан хүргэе. «Манай шуудангийн хайрцаг» нэвтрүүлэг үргэлжилж байна. Өвөрхангай аймгийн Сант сумын Дувжир, Төв аймгийн Баянчандмань сумын Доржсүрэн нар оросын мал аж ахуйн хөгжлийг сонирхож байна. Өнөөдөр бид Тувагийн мал аж ахуйн талаар ярина. Нуга, талын бэлчээр, өндөр уулын тундр бухий тэжээлийн баялаг нөөцтэй бүгд найрамдах Тува улс янз бүрийн үүлдэрийн мал өсгөх боломж их. Манай орны бусад бүс нутагт нэг төрлийн мал жишээ нь Якутад буга, адуу, европын хэсэгт бод бог мал, гахай өсгөж байгаа бол Тувад янз бүрийн төрлийн мал байгаа. Түүнээс гадна дэлхийн өөр бүст бараг байхгүй ховор мал тухайлбал хайнаг бий. Зарим зоотехникч, малын эмч нар л хайнагийг мэдэнэ. Чанар сайтай мах, сүү, ноостой мал Төр Холд өсгөж байна. Мөн цөөхөн сарлаг Тувагаас гадна Памир Киргизд байдаг. Тувад өсгөж буй сарлаг онцгой тэжээл, малын хашаа шаардахгүй. Өтгөн ноос нь хүйтнээс хамгаалж байна. Сарлаг зузаан цасан доорос тэжээл олж, бүр хэдэн чонын дайралтыг няцааж мэднэ. Зөвхөн ууланд тарахаас сэрэмжилж харах хэрэгтэй. Сарлаг хоолны мах, хамгийн тослог сүү өгдөг. Цагтаа моод дагадаг эмэгтэйчүүд түүний урт ноосоор хиймэл үс хийж байсан. Түүнээс гадна үнэ цэнт эвэртэй буга Тувад өсгөж байна. Уулын Алтайг бодоход энд ийн мал цөөн. Тува хойд буга өсгөх манай орны өмнөд хэсэгт орших бүс боллоо. Тувагийн буга Орост төдийгүй дэлхийд хамгийн томд ордог. Энд буга унаж, чарга хөллөхгүй байна. Орон нутгийн цаатан буга унаж ан агнаж байна. Гэвч сүүлийн үед бугын тоо толгой цөөрөв. Өнөөгийн байдлаар 1700 орчим хойд буга байгаа. Буга тэжээл годоггүй мал. Атга давс өгч, чоно, баавгайгаас хамгаалахад л болно. Буга экологийн цэвэр мах, тослог сүү өгч байна. Арьсаар нь дулаан гутал хийдэг. Мал аж ахуйн мөн салбар их хэмжээний хөрөнгө оруулалтыг шаардахгүй. Харин өгөөж ихтэй. Экспортын бүтээгдэхүүн өгч байна. Иймээс тувагийн малчид бугаа хадгалах төдийгүй бугын аж ахуйг цаашид хөгжүүлэх зорилттой. Бугын тэжээл энд элбэг байна. Тувагийн уулын нутагт олон арван мянга га бүхий тайлбайд хөвд ургадаг. Харин хэдэн долоо хоног ус, хоолгүй явахчадалтай, сайхан ноос мах өгч буй тэмээ тувагийн тал нутагт цөөрч байна. Эдүүгээ энд дөнгөж 140 тэмээ бий. Орон нутгийн эрх баригчид Тува үүлдэрийн элит адуу өсгөх төлөвлөгөөтэй байна. Ийн морь олон зуун мянган долларын үнэтэй. Одоо тувагийн ард түмний эртний уламжлалыг сэргээж, морины уралдааныг ойн баярын гол үйл явдал болгож байгаа нь тохиолдлын хэрэг бишээ. Эдүүгээ 26 мянган морь бүгд найрамадах тува улсад бий. Тувад орон нутгийн хүн амын аж ахуйн үндэс болох бод бог мал өсгөж байна. Хонь малчин ардын тэжээгч болсон бол ямаа аж ахуйн нэрмээс болов. Тувад ямаа бараг саахгүй байна. Ангор үүлдэрийн ямааны ноолуурыг хэрэглэдэг. Саяхан Тувад илжиг бий болсон. Оросын тэр үеийн хөдөө аж ахуйн сайд Алексей Гордеев Кызылын малчин ардын аж ахуйд хоёр илжиг бэлэглэсэн аж. Эдгээр илжиг мал аж ахуйн шинэ салбарын суурь болоосой гэж байна. «Манай шуудангийн хайрцаг» ээлжит нэвтрүүлэг өндөрлөж байна. “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг бүр 30 жилийн турш сонсож буй Төв аймгийн Баянцогт сумын В.Энхтайваны хүсэлтээр Алла Пугачёвагийн дуулсан «Намайг хайрах сахиус» дууг сонсоно уу. Ингээд Манай шуудангийн хайрцаг ээлжит нэвтрүүлэг өндөрлөллөө. Зол жаргал, амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хундэт сонсогчиддоо хусэн ерөөе. Бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултад дуртайяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелуулнэ. Хүндэт сонсогчид маань дэлхийд болж байгаа улс төрийн үйл явдал ба орос-монголын харилцааны хөгжлийн тухай материал түүнчлэн «Манай шуудангийн хайрцаг» нэвтрүүлгийг манай сайтаас монгол хэлнээ сонсох боломжтой болохыг ахин дурдая.