Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили болон сөрөг хүчний удирдагчдын уулзалт 5-р сарын 11-нд болно. Энэ тухай Гүржийн олон нийтийн телевиз ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдэгдлээс иш татан уламжлав. Сөрөг хүчин эрт дээрээс Саакашвилитэй яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэж байна. Гүржийн ерөнхийлөгч улс төрийн сөрөг хүчинтэй уулзах эсэхээ 5-р сарын 10 хүртэл шийдэх ёстой байв. Тэрээр сүүлчийн мөчид сөрөг хүчинтэй уулзахаар болжээ. Саакашвили аргагүй ийм алхам хийлээ. Сөрөг хүчинтэй тооцоо бодож, тэдэнтэй яриа хэлэлцээ хийх бодолгүй байгаагаа тэр ил тод хэлж байсан. Саакашвили ийнхүү байр сууриа өөрчлөхөд Саакашвилийг огцрохыг шаардан 4-р сарын 9-өөс олон нийтийг хамарсан сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаал цуглаан бус түүнийг ивээгч хуарангийн уур амьсгал өөрчлөгдсөн нь нөлөөлжээ.Саакашвили АНУ болон европын тэргүүлэх орны тусламжтайгаар цагтаа “ягаан хувьсгалаар” төрийн эрхэнд гарсан билээ. Одоо тэд сүүлийн жилүүд шиг Гүржийн ерөнхийлөгчийг үг дуугүй дэмжих аргагүй болжээ. Жагсагчдыг тараахын тулд резинэн сум харваж, хүч хэрэглэсэн, Тбилисийн гудамжинд цус урсгасан, баривчилгаа, армид самуун дэгдсэн зэрэг нь гүржийн өнөөгийн дэглэмийг ивээгчдэд энэ улсад таагүй байдал нүүрлэж байгаа түгшүүртэй дохио болсон юм. Тэд болж байгаа үйл явдлыг ухаарч эхэлсэн гэж ОХУ-ын Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев нэгэн ярилцлагадаа ийнхүү ярьсан юм.  Гүржийн улс төрийн систем бидний нүдэн дээр нурж байна. Энэ ажиллах чадваргүй болох нь илт. Энэ систем нийгмийн хүсч, хүлээж байгаачлан асуудлыг ардчилсан замаар шийдэх чадалгүй байна. Үйл явдлын өнөөгийн өрнөлөөс үүдээд НАТО болон түүний түншүүд Гүржид цэргийн сургуулилт явуулж байгаа нь зохистой эсэхийг тунгаахад хүргэж байна. Энэ сургуулилтыг Гүрж болоод хилийн чанадад Саакашвилийн дэглэмийг дэмжих явдал хэмээн тайлбарлаж байна. Тухайлбал ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер “Дойчландфунк” радио станцад өгсөн ярилцлагадаа Гүржийн дотоод улс төрийн байдлаас үүдээд тэнд цэргийн сургуулилт зохион байгуулах тохиромжтой үеийг эсэхийг бодох хэрэгтэй байсан. Үүссэн нөхцөл байдалд Саакашвили сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзахаар зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Мэдээнээс үзэхэд гүржийн өнөөгийн ерөнхийлөгч уулзалтын үеэр улс орныг улс төрийн хүнд байдлаас гаргах гарцыг хэлэлцэх бус засгийн эрхээ алдахгүй, хадгалахыг сонирхож байна.