Орос улсын ерөнхий сайд В.Путин өнөөдөр Токио хотноо ажлын айлчлал хийж байна. Уулзалтын үеэр орос улсын засгийн газрын тэргүүн хоёр талын харилцааны хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан бүх асуудлыг хэлэлцэх ч, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд илүү их анхаарал хандуулна. Манай тусгай сурвалжлагч Вячеслав Киселёв Токио хотоос дамжуулж байна.
В.Путин ерөнхийлөгчийн хувиар Япон улсад хоёр удаа, ерөнхий сайдын хувиар анх удаа айлчилж байна. Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээ хийхээс гадна Японы ерөнхий сайд асан Коизуми болон Мори нартай уулзана. Мори эртний андтайгаа уулзахын тулд Африкт хийх айлчлалаа хойшлуулжээ. Түншийн харилцаагаа хадгалахын зэрэгцээ Москва Курилийн арлын хувь заяаг хэлэлцэж, хоёр талын харилцааг саатуулах бус эдийн засгийн хамтын ажиллагааг зэрэгцүүлэн хөгжүүлэхийг ямагт санал болгодог. Япон улсад нэн чухал асуудлыг шийдэхэд сайн хөршийн харилцаа таатай нөхцөл болно. Токиод сарын өмнө албан бус түвшинд Японы арлуудыг шат шатаар шилжүүлэх тухай санал тавьсан юм. Албан ёсны Токио үүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Москва үүнийг ойшоогоогүй. Москва Курилын арлын асуудлыг шийдэхэд Японы тал хэт их найдлага тавивал, сэтгэлээр их унаж болзошгүй хэмээн засгийн газрын тамгын газрын орлогч дарга Юрий Ушаков ярилаа. Дэлхийн хямарлын эсрэг тэмцэхэд эдийн засгийн хамтын ажиллагааны хүчин чадлыг ашиглах нь чухал. Энэ оны эхний гурван сард хоёр орны бараа эргэлт 66 хувиар буурсан бол энэ үзүүлэлт өнгөрсөн жил 30 тэрбум доллар байжээ. Оросын зах зээлд ажиллаж байгаа Японы олон бизнес эрхлэгч тус улсын зах зээлийг урт хугацаанд маш ирээдүйтэй хэмээн үнэлж байгаа ч, үйлдвэрлэлийн хэмжээг хорогдуулах шаардлагатай байна. Орос улсын засгийн газрын тэргүүн Японы ерөнхий сайдтай уулзахдаа, эрчим хүч, теле харилцаа холбоо, атомын үйлдвэрлэл, сансар зэрэг бусад салбарт хоёр талын харилцааг хөгжүүлэх шинэ боломжийг хэлэлцэх бодолтой байна. Яриа хэлэлцээний төгсгөлд атомыг энхийн зорилгоор ашиглах хэлэлцээр, тэнгисийн нөөцийг хууль бусаар агнахаас сэргийлэхэд цаашид хамтран ажиллах үндэс суурийн талаарх меморандум, гаалийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, эрүүгийн хэргээр тусламж үзүүлэх гэрээ зэрэгт гарын үсэг зурна. Японы түншүүдтэй бизнес хөгжүүлэх санал солилцох бодолтой байгаа оросын өргөн бүрэлдэхүүнтэй бизнес эрхлэгчид В.Путиныг дагалдаж байна. Үүнээс гадна В.Путин Орос, Японы захирагч нарын бага хурлын нээлтэнд үг хэлнэ. Москва хоёр орны зэргэлдээ мужуудын хамтын ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулна.