“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. Хөрөнгөөр хангаагүй мөнгөн дэвсгэрт хэвлэж, бооцоо тавьж байгаа АНУ-ын өнөөгийн санхүүгийн бодлогын улмаас Хятад улс америк долларыг орлох валют бий болгоход хүрлээ. “Файнэншл таймс” сонинд ийм байр суурь илэрхийлжээ. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарт дэлгэрэнгүйг өгүүлнэ. 
Эрчимтэй хөгжиж байгаа Хятад улс ямар нэг шатанд доллароос хараат байдлаас ангижирах ёстой гэж санхүүгийн олон шинжээч үзэж байна. Хятадын засгийн газрын төлөвлөгөөгөөр Шанхай хот дэлхийн санхүүгийн төв болон хувирах шатанд буюу 2020 онд ийм алхам хийж магадгүй юм гэж “Файнэншл таймс” сонинд бичжээ. Глобалчлал үргэлжилж байгаа энэ эринд хятадын төр засаг юанийг дэлхийн бүрэн хүлээн зөвшөөрсөн валют болгон хувиргах, хараат бус санхүүгийн систем байгуулах шинэчлэлээ шуурхай хэрэгжүүлэхэд хүргэж байна гэж нийтлэлд өгүүлжээ. Хятад улс хямарлыг хамгийн бага хохиролтой даван туулах их боломжтой хэмээн олон шинжээч үзэж байгаа тул энэ төлөвлөгөөнд хямарал саад болох бус тодорхой хэмжээгээр үүнийг шуурхай хэрэгжүүлэхэд түлхэц болсныг тэмдэглэх хэрэгтэй. Оросын шинжлэх ухаан академийн Алс дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Владимир Портяков энэ талаар ярихдаа, "Хятад улс дэлхийн эдийн засгийн 6 хувийг эзэмшдэг, 2007-2008 онд Дэлхийн нийт бүтээгдэхүүний өсөлтийн 15-20 хувь буюу тавны нэгийг Хятад улс эзэлж байна. Хятад улс энэ хугацаанд үнэхээр дэлхийн эдийн засгийн илчит тэрэг байсан. Ийм хандлага хадгалагдана гэж эрдэмтэн үзэж байна. Хэрэв үйл явдал эмгэнэлтэй өрнөхгүй тохиолдолд Хятадаас өөр ямар улс ийм хувь хэмжээг эзэмших билээ? Хятад улс дэлхийн эрэлтийг дэмжихэд дорвитой үүрэг гүйцэтгэх орнуудын нэг хэмээн" оросын Хятад судлаач Владимир Портяков ярив.
Хятад юань азийн бүс нутгийн төлбөр тооцооны валют болох боломжтой гэж Самсунгийн хүрээлэнгийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Пак Бон Сун мэдэгдэж байна. Азийн орнууд дэлхийн хамгийн хурдан хөгжиж байгаа энэ улстай их хэмжээний худалдаа хийдэг тул юаниар төлбөр тооцоо хийхэд түлхэц болж байна. “Хэрэв энэ нөхцөлд хятад юань дэлхийн тэргүүлэх валют болохгүй байсан ч, хятадын эдийн засгийн хэмжээ америкийнхыг давсан тохиолдолд юанийг олон улсын үндсэн валютын хувьд доллар, еврогийн адилаар хүлээн зөвшөөрч болох юм. Үүнд хүрэхэд амаргүй зам туулна. Юуны түрүүнд хятад юанийг бүс нутагт хүлээн зөвшөөрөх ёстой. Санхүүгийн шинжээч Игаль Штерн энэ талаар ярихдаа,  Хятад, Орос, Энэтхэг, Бразил улс бие биенийхээ хүчин чадлыг үнэлж, эдийн засгийн эвсэл байгуулсан гэж Игаль Штерн ярьж байна. Азийн бусад орон хөрш орны хүчин чадлыг ухаарч, АНУ-ын экспортоос хамааралтай байдлаа багасгах буюу Хятадтай хийх бараа эргэлтээ нэмэгдүүлэхийг хичээнэ. Хятадын боломжийг ойрын хөршүүд нь ойлгосноор азид үндэсний валютаа юаньд шилжүүлэх улс орон 2009 онд бий болохыг үгүйсгэхгүй. 
Дэлхийн бусад бүс нутагт тухайлбал Ойрх Дорнодод долларыг орлох валют бий болгохоор хэлэлцэж байгааг төгсгөлд нь тэмдэглэе. 
“Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэлээ.