Халимагийн нийслэл Элист хотод халимагийн ард түмэн Оросын бүрэлдэхүүнд сайн дураар нэгдсэний 400 жилийн ойг тохиолдуулан “Пентатоник” орчин үеийн хөгжмийн олон улсын наадам болно. Тал нутагт болох энэ арга хэмжээнд монгол хэлтэй ард түмний хөгжмийн зохиолчид оролцоно гэж манай сурвалжлагч Валентина Бамбаева ярьж байна.
Буриад, Тува, Монгол, Хятадын хөгжмийн зохиолчид “Пентатоник” орчин үеийн хөгжмийн олон улсын наадамд оролцоно. Түрэг хэлтэй ард түмний дунд ийм наадам болдог гэж Орос улсын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн Аркадий Манжиев ярьж байна. Энэ мэт уран бүтээлийн уулзалтаар үндэсний соёлоо харилцан тэтгэж, бэхжүүлдэг. “Пентатоник таван авианаас бүрддэг. Азийн ард түмнийг нэгтгэдэг бэлэг тэмдэг” хэмээн Аркадий Манжиев ярьж байна. Бидний хувьд энэ их чухал арга хэмжээ юм. Бид Элиста хотод цуглаж, хөгжмийн “цагаа” тохируулж, хэн ямар чиглэлд явж байгааг тодорхойлно. Бид аажмаар наадмын хамрах бүсийг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал Хакас, Алтай зэрэг оросын бүгд найрамдах улс, Тайвань, Хятад, Япон зэрэг гадаадын орныг бүрэн оролцуулаагүй байгаа. Пентатоник зөвхөн монгол хэлтэн төдийгүй азийн олон оронд хамаатай тул тэд манай наадамд оролцоно гэж найдаж байна. Би Буриад, Тува, Монголд олонтаа очдог. Бид ойр ойрхон цуглавал сайхан хэрэг. Жишээ нь тува үндэстэн монгол уран бүтээлч хэрхэн дуулж, хуурдахыг сонсож, дүгнэх, эсвэл монгол үндэстэн өөр үндэстний бүтээлийг сонсож, дүгнэх боломжтой. Энэ үүднээс бид хэд хэдэн хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Халимагийн дуу хоолойг дэлхий дахинаа цуурайтуулахад энэ наадмаар ирээдүйн одыг илрүүлэх ач холбогдолтой. Наадмын хөтөлбөр бараг бэлэн болсон. Тэнд оролцох бүх хүнээс нотны материал хүлээн авч, эмблемийг бүтээсэн. Халимагийн улсын концертын танхимд хэдэн хоногийн турш Монгол, Буриад, Тувагийн хөгжмийн зохиолчдын бүтээл эгшиглэнэ. Наадамд оросын Астрахани, Волгоград, Ставрополь зэрэг хотын мэргэжлийн хөгжимчид оролцоно. Наадмын хүрээнд монгол хэлтэн хөгжмийн зохиолчид, тэний уран бүтээлийг шүтэн бишрэгчдийг нэгтгэх тусгай вэб хуудас бүтээх асуудлыг хэлэлцэх “дугуй ширээний уулзалт” зохион байгуулна. Төслийг зохион байгуулагчдын үзэж байгаагаар хэтдээ наадам “нүүдэллэх” гэнэ. Хөгжмийн салбараас гадна зураач, зохиолч, эрдэмтэд оролцоно. Наадам дараа жил Монгол Улсын нийслэлд болно.