Москва өнөөдөр Орос улсын домогт бүжгэн жүжигчин Екатерина Максимоватай салах ёс гүйцэтгэж байна. Түүний Новодевичье оршуулгын газар нутаглуулна. Тэрээр Дэлхийн бүжгийн өдрийн өмнөхөн 70 настайдаа зүрхний дутагдлаар нас нөгчив. Максимова агуу бүжигчин Галина Улановын шавь юм. Тэрээр гоцлол бүжигчнээр ажиллаж байсан Их театрт хамаг амьдралаа зориулжээ. Максимовагийн хань гарамгай бүжигчин, бүжиг дэглээч Владимир Васильев түүний халаагүй хослон бүжигчин байв. “Дон Кихот”-ын Китри, Жизель бүжгэн жүжгийн Жизель, “Щелкунчик”-ийн Машагийн дүрд бүжиглэсэн нь манай үеийн сонгодог бүжгийн үлгэр жишээ болсон юм. Бүжгэн жүжигчнийг “гайхалтай, бяцхан сувд”, “гунхалзсан бүжигчин” гэж нэрлэдэг байв. Максимова Орос улсад төдийгүй олон орны тайзнаа амжилттай бүжиглэсэн юм. Сүүлийн жилүүдэд тэрээр Кремлийн балет, Их театрын багш, сурган хүмүүжүүлэгчээр ажиллаж байлаа. Түүний шавь нэрд гарсан бүжигчин Галина Степаненко, Наталья Балахничева нар багшийнхаа бүжгийн өнгө аясыг өвлөжээ. Максимова кино, телевизийн олон бүтээлд оролцсон юм. Италийн найруулагч Франко Зеффирели Максимова болон түүний нөхрийг “Травиата” кино дуурьт тоглохыг урьж, францын найруулагч Доминик Делуш нэрд гарсан хосын уран бүтээлийн 30 жилийн ойд тэдний тухай “Катя, Володя” кино бүтээсэн юм. Үүнээс хойш дэлхий дахинаа тэднийг ийнхүү дуудах болжээ. Домогт хос өнгөрсөн жил уран бүтээлийнхээ 50 жилийн ойг тэмдэглэсэн билээ.