Оросын дуу хоолой радиогоос ярьж байна. Бээжин, Тайбэй дэлхийн санхүүгийн хямарлыг даван туулах хамтарсан арга хэмжээ авна. Нанкинд болсон талуудын яриа хэлэлцээгээр ийм тохиролцоонд хүрчээ. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэе. Тайваньд өнгөрсөн оны хавар Гоминь-дана Ма Инзю тэргүүтэй шинэ засаг захиргаа байгуулагдсанаас хойш Нанкинд гурав дахь удаа энэ зөвлөлгөөн болж байна. Тайваний талаас яриа хэлэлцээнд Тайванийн хоолойгоор харилцаа тогтоох сангийн тэргүүн Цян Бинкунь, эх газрын Хятадыг төлөөлж, Тайванийн хоолойгоор харилцааг хөгжүүлэх холбооны дарга Чэнь Юньлинь нар оролцов. Ма Инцзю тангараг өргөхтэй холбоотойгоор өнгөрсөн оны 5-р сард намайг Тайбэйд очиход тайванийн олон бизнес эрхлэгч хоолойн хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагаанд хэрэггүй саад тотгорыг нэн даруй арилгана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байсан. Тухайлбал Бээжин, Тайбэй агаар, тэнгисийн шууд тээврийг өргөжүүлэх, мөнгөн шуудангийн шилжүүлгийг хөгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Тайванийн шинэ ерөнхийлөгч Ма Инцзю өмнөх засаг захиргааны тэргүүн Чэнь Шуйбяныг бодвол Бээжинтэй харилцаагаа хэвийн болгох байр суурьтай байгаа тул ийм боломж бүрджээ. Цаашид хоёр орон ойртоход дэлхийн санхүүгийн хямарал нөлөөлсөн гэж оросын Хятад судлаач Александр Лукин ярьж байна. Зөвхөн Хятадад бэрхшээл тохиосон юм биш ээ. Юуны түрүүнд АНУ, Европ, Хятадад эрэлт нэлээд унасан. Ялангуяа эрэг орчмын хамгийн хөгжингүй хэсэгт үйлдвэр хаагдаж, ажилгүйдэл ихсэж байна. Гадаад зах зээлд тулгуурласан Тайванийн компьютерийн салбар хямаралд хохирч байна гэж Александр Лукин ярив. Эх газрын хятадын өмнөд хэсэгт тайванийн хөрөнгө оруулалттай олон компани байдаг. Үүнээс үүдээд талууд дэлхийн эдийн засгийн хямарлын үзэгдэлтэй холбоотой сорилд хамтарсан хариу өгөхөд хүрч байна гэж Москвагийн олон улсын харилцааны Улсын их сургуулийн ШХАБ болон зүүн Азийг судлах төвийн захирал Александр Лукин ярьж байна. Нанкинд болсон яриа хэлэлцээнд Тайваньд эх газрын Хятадын хөрөнгийг оруулахаар тохиролцжээ. Ингэснээр арлын эдийн засгийн байдал эрүүлжихэд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Эх газрын Хятадын компани Тайваньд санхүүгийн үйлчилгээний салбарт ажиллах, тайванийн компани эх газрын Хятадад мөн салбарт ажиллах хууль эрхийн суурийг бүрдүүлж байгаа юм. Хоёр талын эдийн засагт онц сөрөг нөлөөтэй байгаа дэлхийн санхүүгийн хямарлыг хамтдаа даван туулахад эдийн засгийн хамтын ажиллагааны механизмыг хамтран боловсруулахаар шийджээ. Бээжин, Тайбэй зах зээлийн байдлыг судлах төлөөлөгчдөө ойрын үед солилцоно. Дөрөв дэх шатны зөвлөлгөөн энэ оны хоёрдугаар хагаст Тайбэд зохион явуулахаар тохиролцсон нь цаашид харилцаагаа хэвийн болгох талуудын эрмэлзлэлд түлхэц болж байна.
“Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэлээ.