Пакистан өөрийн цөмийн зэвсгээ хянаж чадахаа больж магадгүй байна. Үүнээс өмнө Афганистанд үйл ажиллагаа явуулж байсан “Талибан” хөдөлгөөн улс орны олон бүс нутгийг хяналтандаа авч, тэнд шариатын шүүх тогтоож, төр засгийн газрын түшмэдийг үл ойшоож байна. Хамгийн гол нь зэвсэгт этгээдүүд нийслэл Исламабадаас 60 км зайд оршиж байна. Өнөөгийн нөхцөлд үүнийг булаан эзлэх нь цаг хугацааны асуудал юм.
Пакистаны нутаг дэвсгэр омгуудын бүс хэмээн нэрлэх болсон Сватын хөндий, Бунерийн тойргийг талибууд бараг эзэлжээ. Төр засаг хүчирхийллээс зайлсхийхийн тулд үүнийг зоргоор тавьж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон телевизийн “Фокс” сувагт ням гаригт өгсөн ярилцлагадаа Пакистанд болж байгаа бүхнийг мөхлийн аюул занал учруулж байна хэмээн мэдэгджээ. Цөмийн зэвсэг Талибан хөдөлгөөнийхний гарт орж болзошгүй хэмээн түгшиж байгаагаа тэр хэлэв. Лалын шашинтнууд засгийн эрхийг булаахад ойрхон байгааг тэрээр хүлээн зөвшөөрөв. Вашингтон урьд хэрэгжүүлсэн бодлогынхоо үр шимийг дахин хүртэж байгааг энд сануулах нь зүйтэй. АНУ гарцаагүй өөгшүүлсний дүнд Пакистан цөмийн зэвсэгтэй болсон. Исламабад бүс нутагт ямагт америкийн түшиг байсан тул Цагаан ордон тус улсын цөмийн санаархалыг хараагүй мэт өнгөрөхийг эрхэмлэсэн. Тэгэхлээр цөмийн зэвсгийн түлхүүр террористуудын гарт орж болзошгүй байна. Хамгийн сонирхолтой нь террористуудыг цагтаа АНУ, Пакистаны тагнуулын газар Афганистанд зөвлөлтийн нөлөөний эсрэг дайтахын тулд зэвсэглэж, мөнгө төлж, сургаж байсан юм. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр унана гэгч энэ юм. Хожим тэмцэх байсан бол мангас төрүүлэх хэрэг байсан уу? Пакистан засгийн эрхээ алдаж болзошгүй байна. Мэдээж хэрэг Вашингтон үүнд түгшиж байна. Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга ийм байдал гаргаж болохгүй гэж үзэж байна. Үүнээс үүдээд АНУ төв засаг захиргаанд алдсан мужуудаа дахин хяналтандаа авахыг шахаж байна. Пакистанд цэргийн эргэлт гарвал Цагаан ордон нүдээ аниад өнгөрнө гэдэгт шинжээчид санал нэг байна. Олон улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Владимир Сотников “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа,
“АНУ Пакистаныг алдахгүй, тиймээс АНУ энэ асуудлаар дангаар эсвэл Пакистаны армитай хамтран ажиллах ямар нэг төлөвлөгөө байна. Исламабадыг ойрын үед эзэлж магадгүй таамаг байна. Миний бодлоор пакистаны зэвсэгт хүчин ерөнхийлөгч Зардарийн засгийн газрыг унагаад, талибан хөдөлгөөнд цохилт өгөх, эсвэл АНУ-тай хамтраад, эсвэл дангаараа “Талибан” хөдөлгөөнтэй хийж буй энэ тэмцэлд дээш гарахыг оролдоно.
Хөрш Афганистанд АНУ-ын ивээлд байгаа олон улсын цэргийн эвсэл терроризмыг таслан зогсоох чадалтай бүс нутгийн цорын ганц хүчин болно. Хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг хүргэхэд агаарын орон зайгаа нээсэн Москва эвслийн үйл ажиллагааг дэмжиж байна. Ямартаа ч, лалын хэт даврах үзлийн эсрэг тэмцэл яаран шийдэх аргагүй бөгөөд зөвхөн дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтаар энэ хандлагыг таслан зогсооно.