Дэлхийн хүнсний нөөцийг олон улсын систем удирдах ёстой. Ийм байгууллага байгуулах оросын төлөөлөгчдийн саналыг “их наймын бүлгийн” хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцогч бүх төлөөлөгч дэмжив. Их наймын хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалт Италийн Тревизо хотод болов.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев дэлхийн хүнсний асуудлаарх Их наймын бүлгийн хөдөө аж ахуйн сайд нарын анхны уулзалт зохион байгуулахыг санаачилсан юм. Тэрээр өнгөрсөн жил Японд болсон “их наймын бүлгийн” уулзалтаар энэ санаачилгыг гаргасан билээ. Дэлхийн тэргүүлэх гүрний хөдөө аж ахуйн сайд нараас гадна дээд хэмжээний уулзалтад “хоёр дахь Их наймын бүлэг” буюу Хятад, Бразил, Энэтхэг, Мексик, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Египет, Аргентин, Австрали зэрэг улсын хөдөө аж ахуйн сайд нар оролцов.
Тревизо хотод болсон дээд хэмжээний уулзалтад Хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник Орос улсыг төлөөлөв. Оросын төлөөлөгчдийн тавьсан саналыг дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн тунхаглалд тусгасан хэмээн тэр тэмдэглэв. Тухайлбал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг ил тод, нээлттэй тогтоох тухай заалт юм. Сайд нар Москвагийн дэвшүүлсэн бусад саналыг мөн дэмжсэн гэж Орос улсын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский ярьж байна. "Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний нөөцөд мониторинг хийж, зохицуулах, олон улсын тогтворжуулах сан байгуулахыг оросын тал санаачилсан юм. Сайд нар энэ саналыг дэмжсэн бөгөөд 7-р сард болох “их наймын” орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтаар үүнийг хэлэлцэнэ. Мөн Санкт-Петербургт 6-р сарын 6-7-нд болох Дэлхийн үр тарианы форумын үеэр эдгээр асуудлыг хэлэлцэнэ. Тэнд 80 орны хөдөө аж ахуйн сайд, улс орнуудын төрийн тэргүүн нар оролцоно. Тэд хэрэглэгч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн аль нь ч үл хохирох дэлхийн хүнсний тэнцвэрт байдлын тогтвортой байдлыг хангах механизм боловсруулахыг чармайж байна." Италид болсон уулзалтад НҮБ-ын хүнсний байгууллагын төлөөлөгчид оролцов. Хүнсний салбарын үр ашгийг дээшлүүлэх үүднээс олон улсын энэ гол байгууллагыг шинэчлэх санаачилгыг хөдөө аж ахуйн бүх сайд нар дэмжсэн юм. Төгсгөлийн тунхаглал батлахын өмнө нээлттэй хэлэлцүүлэг болсон гэж Елена Скрынник тэмдэглэв. Хүнсний зах зээлийн тоглоомын илүү шударга дүрэм тогтоож, худалдааны саад тотгорыг аажмаар арилгахыг Орос улс шаардав. Хөдөө аж ахуйн салбарыг тодорхой хугацаанд төрөөс дэмжих, хөгжиж байгаа эдийн засгийн онцлогийг харгалзан үүнийг хийх боломжтой гэж Орос улсын сайд ажил нэгт нөхөддөө сануулав. Хүнсний зах зээлд санхүүгийн наймаатай тэмцэх орос улсын санаачилга төгсгөлийн баримт бичигт багтсан гэж Елена Скрынник хэллээ.
Хямарлын үед хүмүүсийг хүнсний хэрэгцээг хангах нь чухал гэдэгт сайд нар санал нэг байна. “их наймын бүлгийн хөдөө аж ахуйн сайд нарын” дээд хэмжээний уулзалтын санаачилгыг 7-р сард мөн Италид болох их наймын бүлгийн дээд хэмжээний уулзалтад өргөн дэвшүүлнэ.