Пакистаны байдал АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн Хиллари Клинтон мэдэгдсэн нь гарцаагүй анхаарал татаж байна. Пакистанаас урган гарч байгаа аюул заналд олон улс төрч, ажиглагчид эртнээс анхаарал хандуулсныг шударга байх үүднээс хэлэх хэрэгтэй. Талибан хөдөлгөөн хүчирхэгжиж байгаа, улс орны төр засгийн төлөөх санаархал, Пакистан задран бутарч болзошгүй, тус улсын нутаг дэвсгэрт лалын Талибистан гэгчийг байгуулах зэрэг анхаарал татсан. Эцэст нь пакистаны цөмийн зэвсэг талибан, террористуудын гарт орох аюул заналын тухай юм. Пакистанд ямар учраас ийм байдал үүссэн бэ? АНУ, Пакистан нягт холбоотой харилцаатай тул Вашингтон үүнд хариуцлага үүрэх үү? Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн олон улсын аюулгүй байдлын Төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Владимир Сотников “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв.
“Пакистаны өнөөгийн аюул заналын эх уурхайг америкчүүд өөрсдөө тавьж байгаа мэт надад санагдаж байна”. Тодорхой хоёр шалтгаанаар, тухайлбал тэд хөрш Афганистаны байдлыг тогтворгүй болгож, талибан хөдөлгөөнийхөн болон Аль-Каида бүлгийнхэн толгойгоо дахин өргөж, пакистаны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа өргөжүүлэх бололцоо олгосон. Хоёр дахь шалтгаан нь америкчүүд улс төрийн зорилгодоо ашиглахын тулд Пакистаны аюул заналыг өөрсдөө бий болгож байна. Пакистаныг өөртөө ойртуулж, түүнийг гадаад бодлогын тоглоомд тухайлбал Хятадтай сөргөлдүүлэхэд ашиглах бодолтой байна. Эхний шалтгааны тухайд америкийн тусгай албад нягт хамтран ажилладаг пакистаны яамд хоорондын тагнуулын газар Талибан, Аль-Каида бүлгийн эх уурхай болохыг мартаж болохгүй. Пакистаны цөмийн зэвсэг талибан, террористуудын гарт орчих вий гэсэн хамгийн ноцтой аюул байна. Пакистаны цэргийнхэн юуны түрүүнд офицерийн корпус талибуудын талд орвол энэ аюул бодитой юм. Талибан хөдөлгөөнийхөн бохир цөмийн бөмбөг гэгчтэй болох аюултай. Ийм нөхцөл байдал үүсэхэд АНУ өөрсдөө буруутай. Ерөнхийлөгч Бушийн засаг захиргаа цөмийн зэвсэггүй Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг ер бусын идэвх гаргаж байсан. Пакистан ийм зэвсэг бүтээж байгаа, хойшид пакистаны цөмийн хүчин чадал нэмэгдсэн зэргийг улс төрийн ашиг сонирхолын үүднээс анхааралгүй өнгөрсөн. Пакистаны цөмийн зэвсгийн багахан хэсэг ч террорист, талибан хөдөлгөөний гарт орохоос сэргийлэхэд НҮБ, МАГАТЭ, дэлхийн тэргүүлэх гүрэн хүч чармайлтаа нэгтгэх нь өнөөдөр хамгийн чухал байна. Пакистаны байдал цаашид хэрхэх вэ? Хоёр хувилбарыг үгүйсгэхгүй. Нэгдүгээрт: одоогоор хүлээзнэсэн байр суурьтай байгаа пакистаны цэргийнхэн дахин төрийн эрхэнд гарна. Хоёрдугаарт: өөрсдийнх нь буруу байгаа нөхцөл байдал хурцадвал АНУ цэргээ пакистанд оруулж магадгүй. Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн олон улсын аюулгүй байдлын Төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Владимир Сотниковтой хийсэн ярилцлагыг хүргэлээ.
<сонсох>