Орос, Монгол улс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах урт хугацааны гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. ОХУ-ын Хүнс хөдөө аж ахуйн яамны тэргүүн Елена Скрынник, Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрлэлийн сайд ноён Бадамжунай нар 4-р сарын 21-нд энэ талаар тохиролцов. Уулзалтын үеэр Орос улсын Хүнс хөдөө аж ахуйн яамны тэргүүн Монголын ажил нэгт нөхөддөө ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин, Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр нарын энэ оны 3-р сард гарын үсэг зурсан гэрээний хэрэгжилтийн явцын талаар танилцуулав. Гэрээний дагуу Орос улс монголын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх тэр дундаа хаврын тариалалтын ажлыг явуулахад 300 сая долларын хэмжээтэй зээлийн баталгаа гаргахад бэлэн байгаа билээ. Одоогоор Россельхозбанк, “Росагролизинг” улсын лизингийн компанийн энэ чиглэлээр хийж байгаа ажил төгсгөлийн шатанд байна. Оросын тал орост үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, ургамал хамгаалах бодис, үр, шатах тослох материалыг хугацаанд нь Монгол Улсад нийлүүлэхэд шаардлагатай бүх хүч чармайлт тавина. Монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид хаврын тариалалтыг цаг алдалгүй эхлүүлэхийн тулд Монгол Улсад 50 сая долларын техник нийлүүлэхээр тээвэрлэх зохистой схемийг боловсруулж байна.