Москва хотод оршин сууж байгаа, Халх голын тулалдаанд оролцсон ахмад дайчид зөвлөлт-монголын дайчид японы булаан эзлэгчдийг ялсан тэмдэглэлт 70 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт ахмад дайчдын Москвагийн бүлгийн удирдагч Николай Иванович Ганин оролцож байна. Зэвсэгт хүчин болон дайны ахмад дайчдын Оросын хорооны харьяа Халх голын ахмад дайчдын бүлэг юм. Тэрээр Халх голын байлдааны ажиллагаа эхэлсэн өдөр тэнд оролцож, хүнд шархаджээ. Тэр үед нисэгч Николай Ганин 22 настай байсан бол өдгөө тэр нас сүүдэр 92 той. 
Николай Иванович, Зэвсэгт хүчин болон дайны ахмад дайчдын Оросын хорооны харьяа Халх голын ахмад дайчдын бүлэг байгуулагдсан түүхээс өгүүлэхгүй юу? 
Халх голын байлдааны ажиллагаанд оролцсон москвачүүдийн бүлэг ахмад дайчдын Зөвлөлтийн хорооны бүрэлдэхүүнд зохион байгуулсан бүс нутгийн дайн, мөргөлдөөнд оролцсон хүмүүсийн анхны бүлгийн нэг юм. Энэ бүлэг 1987 онд байгуулагдахад байлдааны ажиллагаанд оролцсон 90 гаруй хүн байсан. Тэдний дунд ЗХУ-ын баатар 9, генерал 11 хүн байсан. Энэ бүлгийг ахлах үүргийг надад оноосон. Халх голын дайнд оролцсон москвачуудын хооронд холбоо тогтоож, ойр ойрхон уулзахыг бид зорьсон. Бид энэ зорилгодоо ч хүрсэн. Бид жил бүр 5-р сарын 9-нд ялалтын баяраар Их театрын өмнө уулздаг байсан. Монголын ахмад дайчдын хороотой холбоо тогтоож, Халх голын тулалдааны ойгоор Монголд очиж, монголын ахмад дайчдыг Москвад хүлээн авч байлаа. Халх голын тулалдааны 50, 60 жилийн ойгоор бид монголын ахмад дайчидтай хамтран “Халх голд дайны гал дөл” болон “Ийм нэгэн дайн байлаа” хоёр ном хэвлэсэн. Манай бүлгийн зарим гишүүн өөрсдийн дурсамж номоо хэвлэсэн. Тухайлбал Алексей Кривель, ЗХУ-ын хоёр удаагийн баатар Арсений Ворожекин, ЗХУ-ын баатар Антон Якименко, Виктор Чистяков нар дурсамжаа бичсэн. Миний бие Николай Ганин Халх голын тулалдааны талаарх дурсамж номоо хэвлэсэн.
Бүлгийн гишүүд Халх голын ялалтын 70 жилийн ойг хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?
Мэдээж хэрэг бид энэ ойг тэмдэглэхээр бэлтгэж байна. Харамсалтай нь биднээс цөөн хүн үлдсэн. Сүүлд 15 хүнтэй холбоо барьсан. Аргагүй бидний нас дээр гарсан шүү дээ. Өвчин бүгдийг дарладаг. Бид хурал цуглаан зохион байгуулахгүй байгаа ч, утсаар холбоотой байдаг. Бие тэнхээ гайгүй гишүүд Монгол Улсад 8-р сард болох ойн арга хэмжээнд оролцох ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орно. Халх голын тулалдаанд оролцсон ахмад дайчдын бүрэлдэхүүнийг Петр Александрович Богданов тэргүүлж байгаа бөгөөд дайчдын бүрэлдэхүүнд дэслэгч Юрий Николаевич Завидонов, хурандаа Петр Алексеевич Барышников, Владимир Васильевич Смирнов нар орно. Өнөөгийн байдлаар В.В. Смирнов хамгийн ахмад дайчин байна. Тэрээр 95 настай. Москвагийн дунд сургуулийн сурагчид, цэргийн албан хаагчидтай уулзахаар төлөвлөсөн. Мэдээж хэрэг Халх голын монголын ахмад дайчид оролцох Халх голын ялалтын 70 жилийн ойн ёслолын хуралд бид оролцоно. Энэ хурал Москва хотноо 9-р сард болно. Оросын зарим олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүсэлтээр Халх голын дайчдын бүлгийн гишүүд дурсамж нийтлэлээ бэлтгэсэн байгаа. Үүнийг ёслолын өдрүүдэд хэвлэнэ.
Манай нэвтрүүлэгт Зэвсэгт хүчин болон дайны ахмад дайчдын Оросын хорооны харьяа Халх голын ахмад дайчдын бүлгийн дарга Николай Иванович Ганин оролцов.

<сонсох>