Умард Солонгос 4-р сарын 5-нд пуужин хөөргөсөнтэй холбогдуулан Японы засгийн газар тус улсын эсрэг нэг талын эдийн засгийн хориг арга хэмжээний нэмэлт багцыг өнөөдөр баталлаа. Энэ хязгаарлалт нь юуны түрүүнд шилжүүлэх мөнгөн дүнг хязгаарлах, БНАСАУ-д валют оруулах зэрэгт хамаатай бөгөөд энэ оны 5-р сарын 12-нд хүчин төгөлдөр болно гэж Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Такэо Кавамура Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Японы засгийн газрын шийдвэрээр цаашид БНАСАУ-д 100 мянган доллароос илүү мөнгө шилжүүлэхэд энэ тухайгаа төр засагт бичгээр мэдэгдэнэ. Хойд Солонгост аялах жуулчин бэлнээр 3 мянган доллароос дээш доллар авч явах бол үүнийг мэдэгдэх хэрэгтэй.
Япон улсад олон солонгос үндэстэн оршин суудаг тул Токиогийн энэ арга хэмжээ үр нөлөөтэй юм. Тэдний нутагтаа илгээж байгаа валют нь Пхеньяны валютын гол эх үүсвэр билээ.