“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. Оросын дорно дахины нэрд гарсан судлаач Александр Лукины “Дэлхийн бодлогод азийн чиглэлийг хүчирхэгжүүлэх” тухай нийтлэл “Время новостей” сонинд гарлаа. Тэрээр Орос улсын Гадаад хэргийн яамны дэргэдэх Москвагийн улсын их сургуулийн Зүүн Ази болон ШХАБ-ын судалгааны төвийн захирлаар ажилладаг юм. Энэ томоохон хэмжээний нийтлэлийг хоёр хэсэгт хуваана. Эхний хэсэгт нь америк-хятадын стратегийн эвсэл байгуулах замаар Вашингтоны шинэ засаг захиргаа дэлхийн өнөөгийн хямарлаас гарах арга замыг эрэлхийлж байгаа тухай өгүүлжээ. Хоёр дахь хэсэгт АСЕАН, Бразил, Орос, Энэтхэг, Хятад /БРИК/ албан бус нэгдэл, ШХАБ-ын хүрээнд, мөн Орос, Хятад, Энэтхэгтэй хэтдээ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх үүргийн тухай өгүүлжээ. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Евгений Николаев Александр Лукин нийтлэлийг хүргэнэ.
Дэлхийн хямарал тоглоомын дүрмийг мөрдөх, өрнөдийн эдийн засгийн загвар, гадаад бодлогын схемд итгэх итгэлийг алдагдуулсан нь Орос улсын үндсэн ашиг сонирхолд үл нийцэж байна. Бүх нийтийн анхаарал Энэтхэг, Хятад, Индонез, Малайзын туршлага, үндэсний амжилт, шинэчлэлийн өөр арга замд хандаж байна. Үүссэн нөхцөл байдлыг бодит олон туйлт байдал хэмээн нэрлэж болох байна. Улс төрийн “Хүчний төвүүд”, хөгжлийн янз бүрийн загварын тухайд ч ялгаагүй юм. Жинхэнэ олон туйлт ертөнц нөлөө бүхий улсуудад үр нөлөөтэй хамтран ажиллах боломжийг өргөтгөж байна. Хэл амаа ололцож, олон улсын харилцааны тохиролцсон дүрмийг сахин мөрдөж чадахгүй тохиолдолд дэлхий ертөнц дэлхийн хоёр дайны үеийнх шиг дайсагнасан бүст хуваагдах аюул нүүрлэж байна.
Америкийн улс төрийн хоёр том зүтгэлтэн Збигнев Бжезинский болон Генри Киссинжер нар АНУ-ын шинэ ерөнхийлөгч Барак Обамад улс орны гадаад бодлогыг өөрчлөх санал гаргав. Дэлхийн ирээдүй тогтвортой байх эсэх нь АНУ, Хятад улс санал зөрөлдөөнөө эцэслэж, үр бүтээлтэй хамтран ажиллахаас хамаарна. Бжезинский, Киссинжер нар үүнд санал нэг байна. “Дэлхийн ертөнцийг өөрчилж чадах хоёрын бүлэг” энэ оны 1-р сард “Файнэншл Таймс” сонинд гарсан нийтлэлд Бжезинский америк-хятадын стратегийн холбоо байгуулах эсвэл наад зах нь АНУ-д тулгарч байгаа олон улсын үндсэн зорилтыг амжилттай шийдэхэд нягт хамтын ажиллагаа тогтоохыг уриалсан юм. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулахаас өгсүүлээд дэлхийн хямарал хүртэл, мөн АНУ, Ираны хооронд шууд яриа хэлэлцээ хийх, энэтхэг-пакистаны хямаралд зуучлах, Ойрх Дорнодын асуудлыг зохицуулахад оролцохыг уриалсан байна.
Никсон, Форд нарын засаг захиргаанд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан, өнгөрсөн зууны 70-аад онд Бээжингийн талаарх америкийн бодлогод эргэлт хийсэн Генри Киссинжер энэ оны 1-р сард “Индепендент” сонинд “Дэлхий ертөнцөд шинэ журам тогтоохгүй гэмээнэ эмх замбараагүй байдал дэгэдэнэ” сэдэвтэй нийтлэл хэвлүүлжээ. Америкийн түүхэн тохиролцооны цорын ганц, үндсэн объект нь Хятад улс хэмээн Киссинжер хэлжээ. Ахмад зүтгэлтнүүд янз бүрийн байр суурьтай байгаа ч, чухал асуудлаар өгсөн зөвлөлгөө нь давхцаж байна.
Нэгдүгээрт америкийн өмнөх засаг захиргаа амжилтгүй гадаад бодлого хэрэгжүүлсэн, үүнийг өөрчлөх хэрэгтэй гэсэн ойлголтоос үүдэлтэй юм. Хоёрдугаарт тэд өөр загварын гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрч байна. Америкийн загвараас тэс өөр хэмээн өрнөдийн эдийн засагчид үзэж байгаа хятадын загвар юм. Гуравдугаарт БНХАУ-ын дэлхийн улс төр, эдийн засагт гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байгааг илэрхий хүлээн зөвшөөрлөө.
Экспортод тулгуурласан эдийн засагтай бүх орны адилаар Хятад улс дэлхийн хямарлаас ноцтой хохирсон юм. Худалдааны баланс олон жил ашигтай гарсны дүнд Хятад улс ойролцоогоор 2 триллон долларын валютын нөөц хуримталжээ. Хятад улс хуримталсан нөөцөөр хямарлын эсрэг арга хэмжээг санхүүжүүлэх боломжтой. Импортыг их хэмжээгээр бууруулаагүй тул Хятад улс экспортоос алдагдал хүлээсэн ч, хуримталсан нөөц нь буурахгүй. Хятадын засгийн газар өнгөрсөн оны намар дэд бүтцийг хөгжүүлэх, эрүүл мэнд болон боловсролын салбарын зардлыг нэмэгдүүлэхэд хоёр жилийн хугацаанд 4 триллион доллар зарцуулахаар шийджээ. Хятад улсад хүрэлцэхгүй байгаа байгалийн нөөцийн үндсэн үнэ буурсаныг далимдуулан засгийн газар стратегийн нөөцийг худалдан авч байна. Суурь түүхий эдийн үнэ өсч, нийгмийн хурцадмал байдал буурсан ч, Бээжинд хангалттай мөнгөтэй тул Хятад улс дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс орон хэвээр өнөөгийн хямарлаас гарна.
Америк-Хятадын эвсэл хэрэгжих магадлал бага хэмээн оросын эрдэмтэн үзэж байна. Энэ нь хятадын байр суурийг тэмтэрч, бусад сонирхосон талууд зарим нэг буулт хийхэд Вашингтонд хэрэгтэй. АНУ, Хятадын холбооны талаарх сэдвийг хөөрөгдсөнөөр Орос улсад нөлөөлөх хэрэгсэл болно.
Та бүхэн Александр Лукины “Время Новостей” сонинд хэвлүүлсэн нийтлэлийн эхнийг хэсгийг сонслоо. Зохиогчийн энэ нийтлэлийн “Орос, Хятад, Энэтхэг, тэр дундаа ШХАБ, БРИК-ийн эдийн засгийн хамтын ажиллагаа нэмэгдэж байгаа” тухай хоёр дахь төгсгөлийн хэсгийг та маргааш “Оросын дуу хоолой” радиогийн долгионоор сонсоорой. 

<сонсох>