Эрхэм радио сонсогчид оо, сайн байцгаана уу! “Оросын дуу хоолой” радиогийн долоо хоног тутмын “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг дамжуулж байна.
Уламжлал ёсоор захидлын тоймоос нэвтрүүлгээ эхэлье. Бид Халх голын тулалдааны 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд багагүй захидал хүлээж авлаа. Улаанбаатар хотын сонсогч Ж.Наранцэцэг, Д.Дэнзэн, Д.Цэндсүрэн, Ц.Ванчигдорж, Т.Сандагдорж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын сонсогч Г.Дорж, Дорнод аймгийн Хэрлэн сумын сонсогч Б.Ганчимэг, мөн Т.Дампилов, Д.Мөнхкоев, Ц.Саранцацрал, Горохов болон бусад олон сонсогчоос захидал хүлээж авсан юм. Сонирхолтой бүтээл, захидал ирүүлсэн эрхэм анд нөхөддөө талархаж байна. Асуулт хариултын уралдаанд оролцсон бүх хүнд их баярлалаа.
Монгол, оросын ард түмэн энэ оны 8-р сард Халх голын тулалдааны 70 жилийн ойг тэмдэглэнэ. Эрхүү мужийн оршин суугчид энэ тулалдаанд оролцсон юм. Эрхүү мужийн аялал жуулчлал, спортын яамны залуучуудын бодлогын асуудал эрхэлсэн удирдах газар “Эх оронч” байлдааны ажиллагааны ахмад дайчдын олон нийтийн байгууллагатай хамтран “Байгаль орчмын залуус-Халх голын баатарууд” олон улсын залуучуудын хоёр дахь аялалыг зохион байгуулахаар шийджээ.
Оросын залуус өвөг, дээдсээ хүндэтгэдэг болохыг аялалыг зохион байгуулагчид батлах бодолтой байна. Тэд Халх голоор аялахдаа Монгол болон Ангар орчмын цэргийн хөшөө дурсгалыг сэргээн засварлана. Монгол Улсын засгийн газар, Эрхүү мужийн “Нэгдсэн Орос улс” намын орон нутгийн салбар, Засгийн газрын болон хууль тогтоох байгууллага энэ санаачилгыг дэмжжээ.
Ойн баяраар Монгол Улсад ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев ирнэ. Мөн Эрхүү мужийн захирагч Игорь Есиповский оролцоно.
Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Баянхонгор аймгийн оршин суугч Л.Евдонсамбуу ар гэрийнхэндээ, Бууцагаан сумын иргэн Х.Ганзориг, Эрдэнэцогт сумын багш Ш.Намжилмаа, тэдний ар гэрийнхэнд мэндчилгээ дэвшүүлэхийг хүсчээ. Эрхэм анд нөхдөө, Л.Евдонсамбуугийн хүсэлтээр дуучин Валерий Леонтьевын “Олон янзын өнгөтэй яармаг” дууг хүргэе.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн Ц.Лувсандорж захидалдаа, Монголд бүтээгдэхүүнээ нийлүүлж байсан Ульяновскийн автомашины үйлдвэрийн талаар өгүүлнэ үү?
Бүрэн дамжуулгын автомашин үйлдвэрлэдэг, оросын тэргүүлэх Ульяновскийн үйлдвэр одоо УАЗ машин, хөнгөн ачааны тэрэг, микро автобус үйлдвэрлэж байна. Өнөөгийн байдлаар тус үйлдвэр үндсэн загварын арав гаруй машиныг 100-аад өөрчлөлттэй үйлдвэрлэж байна. УАЗ Хантер, УАЗ Патриот зэрэг бартаат замын шинэ загварын машин нэмэгдсэн.
Үүнээс гадна Ульяновскийн автомашины үйлдвэр УАЗ автомашины эд анги, холбоос, сэлбэг хэрэгсэл, мөн ачааны машины тэнхлэг, мост, гар араа, хүч нэмэгдүүлэх араа, удирдлагын жолооны систем, автомашины тормозны систем зэргийг үйлдвэрлэж байна.
Ховд аймгийн Жаргалан сумын сонсогч Д.Дэлгэр В.И.Ленины бунханы тухай өгүүлэхийг хүсчээ.
В.И.Ленины бунхан зөвлөлтийн үеийн дурсгалын нэг билээ. Бунхан Кремлийн зүүн хананы урд, Улаан талбайд байдаг. Сүүлийн арван жилд Ленины цогцсыг шилжүүлж, өөр газар нутаглуулах талаар нэг бус удаа ярьж байсан ч, зөвлөлт гүрнийг үүсгэн байгуулагчийн занданшуулсан шарил бүхий болор авс өнөө хир хэвээр, коммунист үзэл санаанд тууштай итгэдэг хүмүүс, дэлхийн жуулчдын сонирхолыг татсаар байна.
Зөвлөлтийн удирдагчийн төрхийг хойч үедээ хадгалах амаргүй үүрэг эрдэмтдэд ноогдсон. Тэд шарилыг занданшуулах ер бусын технологи боловсруулж, Ленины цогцсыг олон арван жилийн турш хадгалах нөхцлийг хянах тусгай төхөөрөг бүтээсэн юм.
1953 оны 3-р сард Ленины шарилын дэргэд Сталины занданшуулсан шарилыг тавьсан юм. Сталины нэр хүнд унаж эхэлсэнтэй холбогдуулан түүний цогцсыг мавзолейгоос Кремлийн ханад шилжүүлж, нутаглуулжээ.
Ленины шарилыг нутаглуулах тухай сүүлийн үед их ярьж байна. Мавзолейг байгуулсан цагаас түүний үүдэнд зогссон хүндэт харуулыг 1993 оны 10-р сард буулгасан юм. Ленины шарилыг хэвээр хадгалахтай холбоотой урьдчилан сэргийлэх бүх ажлыг 1991 оноос хойш хувь хүмүүс, Ленины мавзолейн сангаас голдуу орсон төсвийн бус хөрөнгөөр явуулж байна.
Дахин хөгжмийн завсарлага авцагаая. Булган аймгийн Хишигт-Өндөр сумын сонсогч Ц.Даваасамбуу ах Зориг, түүний гэргий Уранчимэг, үр хүүхдэд нь ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ. София Ротаругийн “Хунгийн үнэнч сэтгэл” дууг хүргэе.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Барнаулын эрдэмтэд Новосибирск мужаас бугын чулуу илрүүлжээ. Энэ тухай одоо өгүүлье.
Ордынскийн орон нутгийг судлах музейд ер бусын үзмэр нэмэгдлээ. Үзэсгэлэнд эртний анчны дүрсээр зассан, бугын чулуу тавилаа. Алтайн улсын их сургуулийн эрдэмтэд Ордынки дүүрэгт Новосибирск-Кочки-Палодар тойрог замд мониторинг хийх явцад үүнийг илрүүлжээ.
Археологичид замын эвдэрсэн хэсгээс “үл мэдэгдэх цэрэг”-ийг илрүүлж нутгийн музейд хүргэсэн байна. Эртний скифчүүдийн үеийн “үл мэдэгдэх” цэргийн барималыг тойрсон шуугийн орон нутгийн хүрээнээс хальжээ.
Хүний өндөртэй дүйцэх боржигон хавтан дээр хүний толгой, нүүрийн бүдүүн тоймоор дүрсэлж, доод хэсэгт бүсэлхийгээр зэвсэг зурж, биеийн нэлэнхүйд цахилж буй буга дүрсэлсэн байна. Эндээс бугын чулуу гэж нэрлэх болжээ. Ордынскийн баримал ойролцоогоор 3 мянган жилийн настай.
Новосибирскийн эргэн тойронд бугын чулуу урьд олдож байгаа тул энэ олдворын гол онцлог юм. Бугын чулуу төв Ази, Уулын Алтай, Тува, Өвөрбайгаль, Монголын нутгаас их олддог. “Дайчин” чулуу Испани, Герман зэрэг европын оронд хааяа тааралддаг. Олдсон бугын чулуу нь Алтайгаас ирсэн хүмүүс хэмээн Алтайн археологичид үзэж байна.
Ордынскийн олдвор нь дэлхийн археологийн түүхэнд шуугиан тарьж байна. Бугын чулуунуудаас энэ хамгийн хойд хэсэгт байгаагаас үүдээд скифскийн соёл нутгийн хамгийн хойд хэсэгт түгсэн тухай ярих шалтаг болж байна.
Одоо Г.Гэндэмийн хүсэлтээр “Русичи” хамтлагийн дуулсан “Алтан уул” орос ардын дууг сонсоцгооё.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Орос, Монгол улс 30 мянган тонн бүхий ураны нөөцтэй Дорнод аймгийн ураны зангилааны орд газрыг эзэмших хамтарсан компани байгуулж байна. Төсөлд “Росатом”, Японы Марубени компани оролцоно.
Хамтарсан компанийн үзүүлэлтүүдийг хараахан тохиролцоогүй байна. Монгол Улсад ураны зургаан орд газар илэрсэн юм. Тус улсын засгийн газрын тооцсоноор нийт 62 мянган тонн ураны нөөцтэй байна. Дорнодын ураны зангилааг бүр зөвлөлтийн үед ЗХУ-ын оролцоотой байгуулсан. Дорнодоос уран олборлож, оросын Приаргунскийн уулын-химийн үйлдвэрлэлийн нэгдэлд ураныг баяжуулж байжээ.
Дорнодод зөвхөн газар доорх аргаар хүдэр олборлох боломжтой. Тиймээс олборлолтын өөрийн өртөг хамгийн өндөр буюу 1 кг уран 80 доллар байгаа юм. Уаны үнэ өнөөгийн түвшинд байвал /Урт хугацааны гэрээгээр 1 кг нь 154 орчим доллар/ монголын газар доорх орд газар ашигтай байж болно.
10 сая долларын төсвөөр бүтсэн “Чингис хааны нууц” Якутын уран сайхны кино Францад 5-р сарын 13-24-нд болох Каннын кино зах зээлд оролцож зардаа нөхөх бодолтой байна. Урьдчилсан мэдээгээр тус кино Орос, Казахстаны кассын орлого 1,2 сая доллар байна.
Тус кино зардлаа нөхөхийн тулд хамгаалалт бүхий лицензтэй диск буюу Ди-Ви-Ди хэлбэрээр кино гаргажээ. Тоглоомын кинонд гардаг эртний тал нутгийн соёлын бэлэг тэмдэг, үзэл санааны тухай өгүүлдэг “Цаг хугацаанд хадгалагдсан нууц” баримтат киног урамшуулах хэлбэрээр хавсаргажээ.
Якутын нэрд гарсан театрын найруулагч Андрей Борисов анх удаа “Чингис хааны нууц” кино бүтээсэн юм. Түүний кинонд Орос, Монгол, Хакасс, Башкортостан, Герман, Буриад, АНУ, Хятад улсын жүжигчид оролцжээ.
Сибирийн улсын их сургууль болон Монгол улсын их сургуулийн сурган хүмүүжүүлэх дээд сургуулийн эрдэмтэд эрдэм шинжилгээний нийтлэлийн эмхэтгэл хэвлэв. “Орос болон Монгол Улс: хэл, соёлын харилцан хамаарал” эмхэтгэлд Оросын хүмүүнлэгийн сан, Монголын шинжлэх ухаан, технологийн сангийн эрдэм шинжилгээний хамтарсан төслийн хүрээнд явуулсан судалгааны материалыг багтаажээ.
Энэ номыг Улаанбаатар хотод хэвлэсэн байна. Профессор Демченко, Равдан нар эрдэм шинжилгээний редактороор ажиллажээ. Орос, монголын эрдэмтэд монгол, орос хэл, түүх, соёл, орос-монголын соёл хоорондын харилцаа холбооны судалгаагаар нийтлэл бичжээ. Заримаас иш татвал: Монгол улс Велимир Хлебниковын уран сайхны ертөнцөд, Марина Цветаевын шүлэгт монголын тухай домог, монголчууд оросын уран сайхны зургийг эзэмшсэн нь, Монгол зөвлөлтийн төрх зэрэг юм.
Бид “Манай шуудангийн хайрцаг” ээлжит дугаараа монгол дуугаар өндөрлөе. Жамьяны Урантөгч энэ дууг дуулна.
“Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлэг” дууслаа. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье. Та бүхэн бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултанд дуртаяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Эрхэм сонсогчид оо, дэлхийн улс төрийн үйл явдал, орос-монголын харилцааны талаарх мэдээ материал, мөн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг манай www.ruvr.ru вэб хуудасны монгол хэл дээрх хуудаснаас уншина уу.