“Их торгоны зам” Орос-монголын экспидиц тун удахгүй товлосон маршрутаар аялна. Халимагийн бүгд найрамдах улс Орос улсын бүрэлдэхүүнд сайн дураар орсны 400 жилийн ойд энэ аялалыг зохион байгуулж байна. Манай эриний өмнөх гуравдугаар зуунаас 16-р зуун хүртэл байсан Их торгоны зам Халимагийн нутгийг дайран өнгөрдөг байсан юм. Хятадаас торго, алт, амтлагч, будагч бодис, өмнөд нутгийн ховор амьтан, шувууг их торгоны замаар зөөвөрлөн европчүүдэд худалдаж байв. Нэрд гарсан аялагч Федор Конюхов Олон улсын экспидицийг тэргүүлж байна. Манай сурвалжлагч Ольга Иванова түүнтэй ярилцсан юм.
Та Монголд юу хийж байна вэ?
Бид монголчуудтай хамтран тэмээ, адуугаа эцэслэн сонгож, бэлтгэж байна. Урт замд туйлдахгүй тэсвэртэй, амгалан амьтныг бид сонгож байна. Өвөлдөө малын тарга тэвээрэг муу байдаг тул нэмэлт тэжээл, өвсөөр тэжээж байна. Манай монгол анд нөхөд тэмээ маллаж сурахад тусалж байгаа. Би Говь цөлд сар гаруй амьдарч, тэндээс малчидтай хамт Улаанбаатараас 20 км зайд орших Чингис хааны хөшөөнд тэмээн жинг хүргэнэ.
Экспидицид ямар хүмүүс оролцож байгаа вэ? 
Оросын талаас 7 хүн, монголоос 9 хүн оролцож байна. Тэгэхлээр экспидицид эмч, малчин, малын эмч зэрэг 16 хүн аялалын үндсэн гишүүн байна. Гэхдээ манай аялалд богино хугацаагаар, хоёр долоо хоногоор нэрд гарсан аялагч, улс төрч, соёлын зүтгэлтнүүд, аялах дуртай хүмүүс нэгдэнэ. Үүнээс гадна манай экспидицид археологич, түүхч, экологич, ботаникч, амьтан судлаач оролцоно. Янз бүрийн орноос эрдэмтэн хүрэлцэн ирнэ. Тэд 15 тэмээ, 15 адуугаар аялна. Миний бодлоор өнгөрсөн худалдааны замын талаар түүхэн материал цуглуулах нь хамгийн үнэ цэнэтэй хэрэг. 
Аялалын маршрут ямар байгаа вэ? 
Бид Монголын нийслэл байсан Хархориноос 5-р сарын 2-нд гарна. Холбооны Зөвлөлийн дарга Сергей Миронов, Халимагийн бүгд найрамдах улсын тэргүүн Кирсан Илюмжинов зэрэг оросын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгч хүрэлцэн ирнэ. Монгол-Хятад-Алтай-Казахстан-Халимаг 6 мянган км маршрутаар аялах юм. Номхон далайгаас Атлантын далайн эрэг хүртэл Евразийн соёл иргэншил, олон хот, улс, соёлыг холбосон энэ зам хэдэн мянган жилийн турш салаалж, дахин нийлж байсан юм. Энэ л замаар 400 жилийн тэртээ халимагийн ард түмэн сайн дураар хувь заяагаа Орос улстай бүрмөсөн холбохоор адуу, тэмээгээр Каспийн тэнгис орчмын тал нутагт ирсэн билээ. Тэмээн жингээр 7 сарын турш энэ замаар аялна. Бид 11-р сард Элст хотод ирэхээр төлөвлөж байна.

<сонсох>