“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ хиймэл дагуул бүхий пуужин хөөргөсөн асуудлаар тогтоол баталж чадсангүй. Манай тоймч Александр Редченко энэ сэдвийн дэлгэрэнгүйг хүргэнэ. Орос, Хятадын уялдаатай байр сууринаас үүдээд БНАСУ-ын үйл ажиллагааг буруушаасан тогтоол үл баталж, Пхеньяны эсрэг хоригийг чангалсангүй. АНУ, Япон, Франц, Их Британи улс ийм төсөл боловсруулжээ. Аюулгүйн Зөвлөлд хориг тавих эрхтэй Москва, Бээжин БНАСАУ-ын тухайд яаруу, эрс алхам хийхгүй байхыг хатуу мэдэгдсэн тул төсөл боловсруулагчид Аюулгүйн Зөвлөлд тогтоолын төслийг өргөн барисангүй. Аюулгүйн Зөвлөлийн байр суурь болгоомжтой, тэнцвэртэй байх ёстой гэж Орос, Хятад улсын төлөөлөгчид зөвлөлгөөний төгсгөлд мэдэгдсэн билээ. Техникийн мэдээллийг дээд зэргээр багтаасан пуужин хөөргөсөн тухай бүрэн мэдээллийг авах шаардлагатай гэж тэд үзэж байна. Үүний дараа шинэ баллистик пуужин туршсан эсвэл харилцаа холбооны хиймэл дагуулыг тойрог замд оруулах оролдлого байсан эсэх асуултанд хариулт авна. Орос улсын сансрын цэргийн командлагчийн туслах дэд хурандаа Алексей Золотухин энэ талаар ийнхүү ярьж байна: "Өнөөгийн байдлаар бүх систем, сансрын цэргийн хэрэгслээс мэдээлэл цуглуулж, авсан мэдээлэллд нарийн дүн шинжилгээ хийж, боловсруулж байна. Үүний дараа БНАСАУ хиймэл дагуул бүхий пуужин хөөргөсөн тухайд тодорхой дүгнэлт хийнэ" гэж дэд хурандаа Золотухин ярьж байна. Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг “Ынха-2” /Сүүн зам/ пуужингийн тусламжтайгаар “Кванмёнсон-2” /”Тод од”/ хиймэл дагуулыг тойрог замд амжилттай оруулсан тухай мэдэгдсэнийг сануулъяа. Хойд Солонгосын хиймэл дагуул дэлхийн ойролцоох тойрог замд ороогүй гэж Өмнөд Солонгос, АНУ, Японы цэргийн эх сурвалж мэдэгдэж байгаа юм. БНАСАУ хиймэл дагуул бүхий пуужин хөөргөснөөр тус улс баллистик пуужинтай холбоотой дурын үйл ажиллагаа явуулахыг хориглосон Аюулгүйн Зөвлөлийн 2006 оны 10-р сард баталсан 1718 тогтоолыг зөрчлөө хэмээн өрнөдийн орнууд үзэж байна. Уг тогтоолоор иргэний хиймэл дагуулыг тойрог замд оруулахыг хориглоогүй тул түүнийг зөрчсөн эсэх талаар ярихад эрт байна хэмээн Орос, БНХАУ үзэж байна. БНАСАУ хиймэл дагуул бүхий пуужин хөөргөсөнтэй холбогдуулан тайван тогтуун байхыг Москва, Бээжин бүх талд уриалав. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Цечи нар энэ асуудлыг утсаар хэлэлцэв. Зүүн хойд Азийн бүс нутагт тогтвортой байдлыг хадгалахад тулгуурласан энэ асуудлыг зохицуулах талаар ижил байр суурьтай байгаа, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээг үргэлжлүүлэх бодолтой байгаагаа илэрхийлэв. Сайд нар энэ сэдвээр нягт зөвлөлдөж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах зургаан талын яриа хэлэлцээ 2003 оны 8-р сард эхэлсэн юм. Үүнд Орос, БНАСАУ, Өмнөд Солонгос, АНУ, Хятад, Япон улс оролцдог. БНАСАУ пуужин хөөргөсөн тухайд Гадаад хэргийн сайд Сергей Лавров Өмнөд Солонгосын гадаад худалдаа болон гадаад хэргийн сайд Ю Мен Хван, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Японы Гадаад хэргийн сайд Хирофуми Накасонэ нартай утсаар ярисан билээ. БНАСАУ 4-р сарын 5-нд хиймэл дагуул бүхий пуужин хөөргөхийн өмнө Хятад, Орос, АНУ-д холбогдох мэдэгдэл илгээсэн юм. Харин Вашингтон Пхеньянаас ийм мэдэгдэл хүлээж аваагүй мэт дүр эсгэж байна. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Александр Редченкогийн тайлбарыг хүргэлээ.

<сонсох>