НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ням гаригт болсон онц хуралдаан хагаралаар өндөрлөллөө. Орос, Хятадын хатуу байр суурийн улмаас Хойд Солонгосыг буруушаасан ямар нэг тогтоол батлаагүй байна. Пхеньян өчигдөр “Сүүн зам” пуужингаар “Тод од” хиймэл дагуулыг тойрог замд амжилттай оруулснаа зарласан юм. Тойрог замд хиймэл дагуулыг амжилттай оруулсан тухай мэдээллийг Өмнөд Солонгос, АНУ үгүйсгэж байна. Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай баллистик пуужин туршлаа хэмээн Токио, Вашингтон, Сөүл үзэж байна. БНАСАУ баллистик пуужинтай холбоотой дурын үйл ажиллагааг хориглосон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2006 оны 10-р сард баталсан тогтоолыг зөрчсөн хэмээн өрнөдийн орнууд үзэж байна. Энэ тогтоолоор иргэний хиймэл дагуулыг тойрог замд оруулахыг шууд хориглоогүй тул үүнийг зөрчсөн эсэх тухай ярихад эрт байна гэж Орос, Хятад хоёр баталж байна. Дипломатчдийн хэлснээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүнээс 10 нь энэ байр суурийг дэмжиж, Орос, Хятад, Вьетнам, Ливи, Уганда зэрэг таван улс болгоомжтой мэдэгдэл хийжээ. Бээжин, Москва хориг тавих эрхтэй тул БНАСАУ-ын тухайд тэвдүү, эрс алхам хийхгүй байхыг хатуу мэдэгдсэн юм. Тиймээс БНАСАУ-ын эсрэг хоригийг чангалах тогтоолын төсөл боловсруулагчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр үүнийг хэлэлцүүлээгүй байна. Хятад, Оросын төлөөлөгчид шинэ баллистик пуужин туршсан, Пхеньяны баталснаар харилцаа холбооны хиймэл дагуулыг тойрог замд оруулах оролдлого байсан эсэх асуултанд хариулт өгөх илүү бүрэн мэдээлэл авах шаардлагатай байна гэж мэдэгджээ. “Национальная оборона” сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Короченкогийн манай радио станцад өгсөн таамаг зөв болж байна: "Миний бодлоор Хойд Солонгос пуужин хөөргөсөнд бид нэлээд тэвчээртэй хандах ёстой. Энгийн үгээр хэлбэл бух тэргийн урд АНУ-тай нэг байр суурь баримтлахаас зайлсхийх хэрэгтэй. Нэг пуужин нэг удаа хөөргөсөн тул хэн нэгэнд онцгой аюул занал учруулахгүй нь илт байна. Солонгосын хойгийн байдлыг хэвийн гэж нэрлэх аргагүй байна. Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн талаар улс төрийн зөвлөлгөөн хийх явцад Пхеньяны байр суурь илүү жинтэй болох нэмэлт боломж бүрдэж байна" хэмээн оросын шинжээч үзэж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Пхеньян пуужин хөөргөснийг буруушаасан тогтоол баталбал тус улс Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх 6 талын яриа хэлэлцээнээс гарна хэмээн урьд анхааруулж байсан билээ.

<сонсох>