Foto http://fotki.yandex.ruОрос улсын нийслэлд байгуулагдаад таван жилийн нүүр үзэж байгаа нүүдлийн соёлын музейд саяхан гэр сүм байгууллаа. Сүмийн нээлтэд манай сурвалжлагч С.Эрдэнэ оролцсон юм. Та бүхний анхааралд энэ сурвалжлагыг хүргэе. Нүүдлийн соёлын музейд байгуулсан гэр сүм нь буддын шашны дэг жаягаар барьсан нүүдлийн сүм гэж хэлж болно. Москвад суугаа далай ламын төлөөлөгчийн газраас урьсан төвд лам нар нүүдлийн гэр сүмийн нээлтэд ном хурав. Нээлтэд Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин зөвлөх Г.Лүндэн, Монгол Улсын элчин сайдын яамны зөвлөх Ж.Батжаргал, ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдх Буриадын бүгд найрамдах улсын бүрэн эрхт төлөөлөгч Марина Гармаева, Тувагийн байнгын төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцов. Музейн захирал Константин Куксин гэр сүмийн тухай ярихдаа: «Өнөөдөр миний бодлоор Москва хотод буддын шашны анхны гэр сүм нээгдсэн тэмдэглэлт үйл явдал болж байна. Өнөө хүртэл Оросын нийслэлд буддын шашны ганц ч сүм байгаагүй. Шашны зан үйл хийж, мөргөл үйлдэх сүм хийд байхгүй байна хэмээн монгол, буриад, халимаг, тува анд нөхдөөс олонтаа сонсож байсан. Би цагтаа дэлхийн хоёрдугаар дайнд үрэгдсэн буддын сүсэгтнүүдийн дурсгалд Поклонны уул, мөн Отрадныйд буддын шашны сүмийн тулгын чулууг тавилцаж байсан билээ. Харамсалтай нь энэ сүмүүдийг өнөө хир босгоогүй байна. Тиймээс манай музейн хүрээнд ийм сүм байгуулах санаа сэдсэн. Монгол Улсад эрдэм шинжилгээний аялал хийх, лам, сүсэгтнүүдтэй уулзаж, буддын шашны түүхийг судлах явцад буддын шашны анхны сүм нүүдлийн гэр сүм байсныг хэлж байсан. Москва хотноо анхны нүүдлийн сүм байгуулсан нь орос улсын нийслэлд буддын шашны соёлын асар том төв нээх алхам болж байна. Баярын өдрүүдэд сүм хийдэд ном хурж, бусад өдрүүдэд боловсролын төвийн ажлаа үргэлжлүүлнэ. Музейд ирж байгаа 100-200 оюутан сурагчдад нүүдэлчин ард түмний түүх, шашин, соёл, ахуйтай танилцуулдаг. Энэ төсөл шашны гэхээс боловсролын шинжтэй юм. Буддын шашинд сургаснаар мэдлэг бол хүний амьдралын үндэс билээ. Манай музей хүний чухал үнэт зүйлийг ухаарч, ойлгоход тус болдог» гэж Константин Куксин хэллээ. Зочдыг хүлээж авдаг казах гэрт гэр сүм нээсний баяр зохион байгуулжээ. Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны элчин зөвлөх Г.Лүндэн энэ арга хэмжээнд урьсанд Константин Куксинд талархаад «Москва хотноо гэр сүм байгуулсан нь миний бодлоор энд оршин суугаа буддын шашны сүсэгтнүүд сэтгэлээ түвшитгэх боломжтой боллоо. Сүсэгтнүүдэд энэ их чухал. Монголын түүх, соёлыг судлахад хувь нэмэр оруулж байгаад Константин Куксинд талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Танай музей монголчуудын ёс заншил, ахуй, мөн дэлхийн бусад нүүдэлчин ард түмэн, ОХУ-ын бие даасан субъектын талаар танилцуулж байна. Энэ нь соёлын төдийгүй шинжлэх ухааны үүднээс үнэ цэнэтэй билээ. Танд амжилт хүсье» гэлээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Буриадын бүгд найрамдах улсын бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Марина Гармаева хэлэхдээ: «Буддын шашин зэрэг соёлын ямар ч давхаргад гамтай хандах хэрэгтэй. Москвад суугаа буддын шашинтнууд мөргөл үйлдэж, дотоод ертөнцдөө гүн гүнзгий нэвтэрч, амьдралаа ухаарч, мэдрэх боломжтой боллоо. Эрхэм Куксин танд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсч, олон шавь нарыг араасаа дагуулна гэж найдаж байна. “Гийчин холхисон гэрийн эзэн жаргалтай”.

<сонсох>