Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев “их хорийн” дээд хэмжээний уулзалтын хэлэлцүүлгийн үеэр олон улсын санхүүгийн байгууллагыг үндсээр нь өөрчлөхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Д.Медведев хямарлын үр дагаврыг бууруулж, хөгжлийн тогтвортой замд гарах чухал зорилтыг тодорхойлоод, энэ тактикийн зорилт гэж нэмж хэлсэн юм. “Хорийн” удирдагчид янз бүрийн улс орны ашиг сонирхолыг харилцан харгалзаж, санхүүгийн шинэ систем бүрдүүлэх стратегийн тухай бодох ёстой гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна. Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч санхүүгийн харилцааны олон улсын шинэ бүтэц байгуулах дэлхийн гол хариултыг санал болгов. Энэ бүтэц урьдаас хэлэх боломжтой, ил тод, хууль эрхийн тодорхой үндэстэй, ардчиллын зарчимд тулгуурласан, шийдвэр гаргахад ижил хариуцлага хүлээдэг байх ёстой. Лондоны дээд хэмжээний уулзалтын дараа санхүүгийн шинэ журмын талаар хэлэлцээ байгуулах олон улсын бага хурал зарлан хуралдуулахыг Д.Медведев санал болгосон юм. Энэ системийн параметрүүдийг олон улсын конвенц, хэлэлцээнд бэхэлсэн тохиолдолд хууль ёсны болж, дэлхийн хамтын нийгэмлэгийн итгэл хүлээнэ. Эсрэг тохиолдолд хэсэг хугацааны дараа дэлхий ертөнц дахин хямаралтай тулгарна гэж Д.Медведев тэмдэглэв. Лондоны “хорийн” дээд хэмжээний уулзалтын дараа ойрын үед дэлхийн валютын системийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэхийг Орос улсын ерөнхийлөгч мөн санал болгожээ. Олон улсын шаардлагад нийцсэн улс орны хэд хэдэн валютаар төлбөр тооцоо хийж, үнэ тогтоох нь нэн чухал юм. Бүс нутгийн хүчтэй валют тогтоохыг дэмжиж, үүнд тулгуурлан нөөцийн шинэ валют бий болгох нь зохистой хэрэг хэмээн Орос улс үзэж байна. Нөөцийн валютын зарим хэсгийг алтаар хангах тухай бодож болно гэж ерөнхийлөгч үзэж байна. Үүний зэрэгцээ Орос улс доллар, фунт стерлинг, еврогийн ханшийг сулруулах бодолгүй байна. Орос улс дэлхийн эдийн засагт дээд зэргээр нийцэх дэлхийн валютын системийг хөгжүүлэх ямар арга зам байгааг хамтдаа үнэлж дүгнэхийг уриалж байгаа хэрэг хэмээн ерөнхийлөгч тэмдэглэллээ. Орос улс ОУВС-ийн удирдах систем, мандатыг шинэчлэх ажлыг шуурхайлахыг дэмжиж байна. Дэлхийн эдийн засагт тухайн улсын эзлэх хувийн жин, хөгжиж байгаа улсын төлөөллийг тус байгууллагын саналын квот тогтооход харгалзах хэрэгтэй. Үүнээс гадна тэр ОУВС-ийн нөөцийг нэлээд нэмэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ сан зээл олгогчийн үүрэг гүйцэтгэх хэмжээнд нөөцөө нэмэгдүүлэх ёстой. Орос улс дээд хэмжээний уулзалтаар буурай орнуудад туслах, ОУВС-ийн сангаар дамжуулан нэмэлт дэмжлэг үзүүлэх үүргээ баталлаа. Д.Медведев Лондонд болсон “их хорийн” дээд хэмжээний уулзалтанд хэлсэн үгэндээ хожим дэлхийн эрэлт буурахад нөлөөлж, дэлхийн эдийн засгийн байдлыг дордуулах уршигтай дотоодын зах зээлийг хамгаалах бодлогоос зайлсхийхийг анхааруулсан юм. Орос улс шинээр хамгаалах арга хэмжээ авахгүйн тулд боломжтой бүхнийг хийх бодолтой байна.

<сонсох>