Хоёр орны удирдагч төлөвлөснөөс 1,5 дахин их буюу 50 минут орчим уулзав. Д.Медведев, Барак Обама нар орос-америкийн харилцааны нэн чухал асуудлаар хэд хэдэн хамтарсан мэдэгдэл хийсэн юм. «Өнөөдрийн хэлэлцүүлэг миний бодлоор санал хуваагдах бус биднийг нэгтгэсэн олон байр суурь байгааг харууллаа. Манай багууд муугүй ажилласан тухайд би ерөнхийлөгч Обаматай санал нэг байна. Бид энэ оны 7-р сард ерөнхийлөгч болоод түүний багийнхныг Орос улсад хүлээж авахад дуртай байх болно. Энэ үед цаг агаар дулаарч, таатай байна. Энэ үеэр бэлтгэж болох тодорхой зүйлийн талаар бид тохиролцсон. Бид цаг алдалгүй энэ ажлаа эхэлнэ гэж найдаж байна. Уулзалтын талаар би ирээдүйгээ өөдрөгөөр харж байгаа» гэж Дмитрий Медведев хэллээ. Хоёр орны ерөнхийлөгч одоогийн гэрээний үйлчлэх хугацаа дуусахаас өмнө Стратегийн давшилтын зэвсгийн шинэ баримт бичиг боловсруулахаар тохиролцжээ. Стратегийн давшилтын зэвсгийн тухай шинэ баримт бичигт хорогдуулах зэвсгийн хэмжээг өнгөрсөн жилийнхээс бага тусгах ёстой. Европт пуужингийн эсрэг систем байрлуулах асуудлаар санал зөрөлдөөнтэй байгааг Орос, АНУ хүлээн зөвшөөрсөн юм. Энэ салбарт олон улсын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг тэд хэлэлцэхэд бэлэн байна. Энэ нь пуужингийн аюул заналын хамтарсан үнэлгээг харгалзсан, Орос, АНУ болоод түүний холбоотон, түншүүдийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн байх ёстой. Умард Солонгос баллистик пуужин хөөргөх тухайд Москва, Вашингтон түгшиж байгаагаа илэрхийлж, Пхеньяныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолыг сахин мөрдөж, аядуу хандахыг уриаллаа. АНУ, Орос улсын ерөнхийлөгч нар Тегеран энэ салбарт энхийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрхтэй ч, Ираны цөмийн хөтөлбөрийг дипломат арга замаар шийдвэрлэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Үүнээс гадна Д.Медведев, Барак Обама нар Афганистаны байдлыг тогтворжуулах хамтын ажиллагааны шинэ чиглэл боловсруулахаар тохиролцжээ. Талууд Афганистанаас мансууруулах бодис оруулахын эсрэг тэмцэхээр тохиролцсон байна. Орос, АНУ-ын удирдагчдад сэтгүүлчдийн асуултанд хариулах цаг байсангүй. Уулзалт ямар уур амьсгалд болж өнгөрсөн, ерөнхийлөгчид инээдмийн баяраар хошигносон уу хэмээн ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчийн англиар тавьсан асуултыг Барак Обама сонсоод, оросоор баярлалаа хэмээн хэлжээ. Орос хэл сурна гэж амлая хэмээн тэр эх хэлээрээ хэлсэн юм.

<сонсох>