Халимаг сайнд дураар Орос улсын бүрэлдэхүүнд нэгдсэний 400 жилийн ойд зориулсан янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Оросын нэрд гарсан аялагч Федор Конюхов энэ арга хэмжээг тохиолдуулан 5-р сарын 2-нд “Их торгоны зам 2009” аялал зохион байгуулах гэж байна. Аялалын явцад Монгол, Хятад, Казахстан, Алтай, Халимаг, Ижил мөрний адаг, балар эрт дээр үед Талын зам, эсвэл Их эмээлийн зам хэмээн нэрлэж, дэлхий дахинаа Их торгоны зам хэмээн алдаршсан худалдааны жингийн цуваа өнгөрдөг байсан гол замын хойд мөчрөөр экспидицийн маршрут үргэлжилнэ. Энэ зам олон мянган жилийн турш мөчирлөж, дахин нийлж олон хот, Номхон далайн эргээс Атлантын далайн эрэг хүртэл Евразийн соёл иргэншил, соёлыг холбож байсан юм. 400 жилийн тэртээ халимагууд адуу, тэмээгээ ачаалан Каспийн тэнгисийн тал нутагт суурьшиж, сайн дураар хувь заяагаа Орос улстай үүрд холбосон билээ. Халимагийн бүгд найрамдах улсын засгийн газрын шинжээч зөвлөх Александр Абушинов энэ экспидицийн талаар манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярив: «Монгол, Халимагийн төлөөлөгчид оролцох олон улсын жингийн аялал юм. Тэд Улаанбаатараас Элст хот хүртэл 6 мянган км замыг 177 хоногт туулна. Аялал энэ оны 10-р сарын төгсгөлд Элст хотод өндөрлөх юм. Аялалын гол зорилго нь судалгаа, Өрнө болон Дорнын эртний худалдааны замыг сэргээх, евразийн тээврийн сүлжээг хөгжүүлэх, үндэстэн хоорондын холбоог бэхжүүлэх, Орос, Монголын хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм. Халимагийн ард түмэн Орос улсын бүрэлдэхүүнд сайн дураар нэгдэн орсоны 400 жилийн ойг тэмдэглэх талаар Монгол Улс болоод оросын бүс нутагт мэдээлэх нь энэ аялалын сурталчилан ухуулах зорилт билээ. Халимагийн бүгд найрамдах улс, Монголын аялал жуулчлал, хүрээлэн буй орчны яамны хамтын ажиллагааны тухай протоколын дагуу үндсэн үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийцүүлэн энэ аялалыг зохион байгуулна. Аялалын хүрээнд Орос улс болон бүс нутаг, Монгол улс, төв Азийн бусад улсын хооронд тогтсон түүхэн харилцааг судлах түүх-угсаатны зүй, экологи, социологи, газар зүй, археологийн судалгаа хийхээр төлөвлөж байна. Үүнээс гадна соёл, уламжлал, шашин, аж ахуйн уламжлалт арга хэрэгслийг судлах, ард түмний үндэсний онцлогийг хадгалах, хүрээлэн буй орчныг хамгаалах арга хэмжээ боловсруулах, экологийн байдалд дүн шинжилгээ хийх, амьдралын үйл ажиллагааны үндсийн хувьд ард түмний оршин буй орчин, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хүрээлэн буй орчныг хамгаалах, Монгол улстай олон улс, соёл, эдийн засаг, аялал жуулчлалын холбоог бэхжүүлэх зөвлөмж боловсруулна. Халимагийн бүгд найрамдах улсын захиргаа, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аялагч Федор Конюхов нар аялалыг зохион байгуулж байна».
Аялалын жингийн цуваа 15 адуу, 15 тэмээ, хэд хэдэн автомашинаас бүрдэнэ. Тогтмол 15 хүн оролцоно. Энэ аялалыг ахлах нэрд гарсан аялагч Федор Конюхов одоогоор Монголд байна. Тэрээр адуу, тэмээг сонгож, аялалд бэлтгэж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 20 км зайд орших “Чингис хааны хүрээ” түүхэн газраас аялал эхэлнэ. Халимагийн бүгд найрамдах улсын тэргүүн Кирсан Илюмжинов, Холбооны Зөвлөлийн дарга Сергей Миронов зэрэг оросын төлөөлөгчид ирнэ.

<сонсох>