“Гогольд хүндэтгэл үзүүлэх явдал бүх үндэстний баяр болон хувирлаа”. ОХУ-ын соёлын сайд Александр Авдеев сонгодог зохиолчийн төрсний 200 жилийн ойд Орос улс бэлтгэж байгааг ийнхүү дүгнэв. Николай Гоголийн ойг тохиолдуулан Соёлын сайд Москва хотноо хэвлэлийн бага хурал хийсэн юм. Гоголийн талаар арав гаруй шинэ кино, хэдэн зуун театрын бүтээл туурвижээ. Зохиолчийн шилдэг түйвэр зохиолыг хэвлэсэн байгаа. Москва хотноо Николай Гоголийн музей нээсэн нь ойн гол арга хэмжээ юм хэмээн ОХУ-ын соёлын сайд Александр Авдеев үзэж байна. Гоголийн өвд өнөө үед хэрхэн анхаарал хандуулж байгаа талаар сайд тэмдэглэхдээ: «Гоголь уран зохиолын агуу зохиолчоос гадна орос хэл гайхамшигтай эзэмшсэн хүний хувьд бидэнд чухал билээ. Орос хэл түүний уран зохиолын цэвэр, яруу тунгалаг, зөв байх чанар нь гадаад үг хэллэг, янз бүрийн өвөрмөц хэллэг, компьютерийн үг хэллэгээр идэгдэж байгаа өнөө үед Гоголь бидэнд орос хэлний эх хэмжүүр болж байна. Орос хэл манай соёл тогтож байгаа үндэс суурь нь юм. Энэ хэлээр Орос улсын баруун хилээс өгсүүлээд дорно хил хүртлэх нутгийн ард түмэн ярьдаг. Энэ хэлийг цэвэр ариунаар нь хэрэглэж байсан Оросын сонгодог агуу зохиолчдын нэг нь Николай Гоголь юм. Ойг тохиолдуулан зохион явуулахаар төлөвлөсөн зарим арга хэмжээг харамсалтай нь хугацаанд нь хийгээгүй болохыг Александр Авдеев тэмдэглэв. Москвагийн Новодевичийн оршуулгын газар зохиолчийн булшийг анхны төрх байдлаар өнөө хүртэл сэргээгүй байна. Үнэн алдартын шашны загалмай бүхий булшийг намар сэргээн засварлана. Орос улсад зохиолчийн анхны музейг бүхэлд нь Гоголийн гэр болгоход их зүйл хийх шаардлагатай байна. Одоо Москвагийн музейн харшид хэд хэдэн түрээслэгч байгууллага байна. “Орос-украин” гэгч нь тулгамдсан асуудлын нэг юм. Николай Гоголь украин гаралтай орос зохиолч юм. Украины үндсэрхэг үзэлтнүүд түүнийг өөрсдийнхөө зохиолч хэмээн өмчлөхийг оролдож байна. “Сонгодог зохиолчийг улс төржүүлэх нь ёс зүйд нийцэхгүй. Тэгээд ч Гоголь бидэнд Орос, Украин соёлын үндэс, үнэн алдартны шашны хувьд нэг хэмээн ёс суртахууны гэрээслэлд үлдээсэн байдаг” гэж Александр Авдеев энэ тухай тодорхой хэллээ. Удахгүй болох ойг Орос, Украин улс хамтдаа тэмдэглэнэ гэж Александр Авдеев тэмдэглэв. Москва хотноо 4-р сарын 1-нд болох Николай Гоголийн ойн албан ёсны арга хэмжээнд оролцох урилгыг Украинаас ОХУ-д суугаа элчин сайд, украины ажил нэгт нөхөддөө илгээсэн байна.