Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улсыг нэгтгэдэг ШХАБ Афганистаны асуудлыг шийдэхэд нөлөөтэй түнш болж байна. ШХАБ-ын ивээлд Москва хотноо болсон афганистаны асуудлыг зохицуулах олон улсын бага хурал үүнийг харууллаа. ШХАБ, Европын Холбоо, НАТО, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага, Лалын бага хурлын байгууллага, бусад олон улсын нөлөө бүхий байгууллагын төлөөлөгчид бага хурлын ажилд оролцов. Энэ бага хурал ийнхүү сонирхол татсаныг тайлбарлая. Афганистан олон улсын хамтын нийгэмлэгийн өвчтэй хэсэг болоод байна. Тэнд болж байгаа бүхэн бүс нутгийн аюулгүй байдал, дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байна. Афганистаны нутаг дэвсгэрээс терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын наймаа зэрэг аюул занал урган гарч байна. Афганистаны засаг захиргаа үүнийг зохицуулж чадахгүй байна. Умард Атлантын эвслийн цэрэг тус улсад байгаад ч, байдал өөрчлөгдсөнгүй. Харин ч эсрэгээр сүүлийн жилүүдэд өргөн уудам нутгийг хяналтандаа авсан “Талибан”, “Аль-Каида” бүлгийн хэт даврагчдын үйл ажиллагаа идэвхжиж байна. Энэ тохиолдолд олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтгүй Афганистаны байдлыг зохицуулах аргагүй. Олон улсын хамтын нийгэмлэг Афганистаны байдлыг хэвийн болгоход дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев үүнийг тэмдэглэсэн юм. «Афганистан дэлхийн хамтын нийгэмлэгийн тулгамдсан асуудал билээ. Олон зовлон тээж байгаа дэлхийд энх тайван тогтоохын тулд бид хамтарсан арга хэмжээ авч байна. Орчин үеийн улс төрийн систем байгуулсан. Мөн терроризм, мансууруулах бодсын наймааг таслан зогсоох өөр алхам хийсэн. Үүний улмаас бид нэгдэж, энэ асуудлыг хамтдаа шийдэх арга зам хайхад хүргэж байна» гэж Д.Медведев хэллээ. Москвад болсон бага хуралд оролцогчид терроризм, мансууруулах бодисын наймаа, хил дамнасан гэмт хэргийн эсрэг тэмцэхэд хүч чармайлтаа уялдуулахын төлөө байгаагаа илэрхийлсэн юм. Афганистаны байдлыг хэвийн болгох, тус улсыг тайван, үр бүтээлтэй хөгжүүлэхийг тэд зорьж байна. Афганистаны асуудлыг зөвхөн цэргийн арга замаар шийдвэрлэхээс аргагүй гэсэн байр суурь байлаа. Үүний тулд улс орны нийгэм-эдийн засгийг сэргээхэд чиглэсэн хүчин чармайлт шаардлагатай. Энэ нэр хүндтэй форумын индэрээс мансууруулах бодисын наймаа, терроризм холбоотой болохыг анх удаа тэмдэглэсэн билээ. Мансууруулах бодисоос олж байгаа ашиг орлогоос Афганистаны террорист ажиллагааг үндсэндээ санхүүжүүлж байна. Москвад болсон бага хурал Афганистаны аюул заналтай тэмцэх стратеги, үндсэн чиглэлийг тодорхойлсон. Гаагад 3-р сарын 31-нд болох Афганистаны асуудлаарх олон улсын уулзалтаар энэ асуудлыг нарийвчлан хэлэлцэнэ.

<сонсох>