Бээжинд болсон орос-хятадын тав дахь хөрөнгө оруулалтын форумын үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина ийнхүү мэдэгдэв. Өнөөгийн байдлаар дэлхийн дахиныг нөмөрсөн хямаралтай бид тулгараад байна. Улс орон бүр өөрсдийн асуудлыг шийдэхийг эрмэлзэж байгаа ч, хямарлын эсрэг хамтдаа тэмцэх хэрэгтэй. Ганц хүн хүн болдоггүй, ганц мод гал болдоггүй зүйр үг байдаг. Өнөөгийн эдийн засгийн тогтворгүй нөхцөлд энэ зүйр үг урьд урьдаас илүү оройд орж байна. Үүнийг хоёр оронд бүрэн ашиглана гэж Эльвира Набиуллина тэмдэглэв. Хямарлын нөхцөлд хамтын ажиллагааны зарим чиглэлийн талаар Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын хүрээлэнгийн  орлогч захирал Андрей Островский манай радио станцад ийнхүү ярив: «Юуны түрүүнд худалдаа эдийн засгийн харилцааг эрчимтэй хөгжүүлж, Хятадын зүүн Хойд, оросын Алс Дорнод, Дорно Сибирь, Өвөрбайгалийн хязгаарыг хөгжүүлэх төлөвлөгөөг уялдуулах хэрэгтэй байна. Төлөвлөгөөг уялдуулснаар ажлын шинэ байр бий болгож, дэд бүтцийн төслийг хөгжүүлж, нэмүү өртөгтэй шинэ бүтээгдэхүүн бий болгоно. Хэрэв хоёр тал харилцан уялдаатай хөгжихгүй тохиолдолд улс орон бүр тулгамдсан асуудлыг бие даан шийдэхийг оролдоно. Мэдээж хэрэг нэг улсаас илүү хоёр улсад илүү их боломж байна» гэж оросын хятад судлаач тэмдэглэв. Өнөөдөр Бээжин хотноо орос-хятадын хөрөнгө оруулалтыг цаашид хөгжүүлж, өргөжүүлэх асуудлыг үндсэндээ хэлэлцлээ. Форумд тэмдэглэснээр хямарлыг үл харгалзан орос, хятадын томоохон компаниуд харилцан хөрөнгө оруулах ихээхэн сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Оросын бизнесийн хүрээнийхний үзэж байгаагаар бүх шатанд энэ асуудалд их анхаарал хандуулах ёстой. Оросын эдийн засагт оруулах Хятадын хөрөнгө оруулалтыг 2020 онд 12 тэрбум долларт хүргэх хоёр орны удирдлагын тавьсан зорилтыг амжилттай биелүүлэх боломжтой болно. Шинэчлэл, хөгжлийн асуудал эрхэлсэн Улсын хорооны тэргүүн Жан Пин энэ байр суурийг дэмжсэн юм. Хоёр орны эдийн засгийн яамдууд хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, ирээдүйд хоёр талын эдийн засгийн харилцааг хөгжүүлнэ. Хоёр орны зах зээлийн хэмжээг харгалзсан талбар их том юм. Тухайлбал Орос улс ойрын 15 жилд Хятад улсад эрчим хүчний нөөц нийлүүлэх томоохон улс болно. Хятад улс орос улсад хөрөнгө оруулах гол салбар нь мод боловсруулах компани, эрдэс бодисын түүхий эдийн ордыг эзэмших, автомашин угсрах, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, Сочи хотод олимпийн объект байгуулах зэрэг дэд бүтэц  юм. Бээжинд болсон форумын нэг үр дүн нь Оросын нутаг дэвсгэрт модны хаягдал боловсруулах хамтарсан томоохон компани байгуулах шийдвэр гаргажээ.

<сонсох>