Foto http://www.museum.ruЭрхүүгийн улсын хөдөө аж ахуйн академид Орос улсад цорын ганц болох ан судлалын академи байдаг. Хагас зуун жилд ан судлалын 4000 гаруй мэргэжилтэн бэлтгэжээ. Өнөөгийн байдлаар тус факультет сургалтын баялаг, бааз, материал, ан агнуурын туршлага, ан судлалын гайхалтай музей, компьютерийн анги зэрэгтэй юм. Тус факультетын төгсөгчид Оросын олон бүс нутаг, ойрын гадаад, мөн Монгол зэрэг алс гадаадад ажиллаж байна. Манай сурвалжлагч Ольга Иванова тус Академийн ан судлалын факультетын орлогч декан Сергей Музыкатай ярилцсан юм.
Асуулт: Танай академи монголын талтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар та ярина уу.
С.Музыка: «Эрхүүгийн хөдөө аж ахуйн академи Монгол Улстай эртнээс хамтран ажиллаж байна. Монголын төгсөгчид улс орныхоо хөдөө аж ахуйн янз бүрийн байгууллагад удирдах албан тушаал хашиж, амжилттай ажиллаж байна. Монгол Улс ан агнуурын нөөцөөр баян. Мэдээж хэрэг онгон байгалийг удирдах, ан агнуурын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ангийн үс экспортлох зэрэг нь монголчуудад чухал билээ. Өнгөрсөн жил бид зөвхөн монгол мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөр боловсруулсан. Тухайлбал “ангийн эдэлбэрт мониторинг хийх”, “Ангийн эдэлбэр”, “ангийн бүтээгдэхүүнийг боловсруулах технологи”, “амьтны нөөцийн тооллого”, “Ангийн амьтан агнах технологи” зэрэг хичээл хөтөлбөрт багтжээ. Эрхүүгийн хөдөө аж ахуйн академийн баазад оюутнуудыг энэ сэдвээр сургах боломжтой юм. Учир нь энд 4 баазыг багтаасан хөдөө аж ахуйн туршлага-сургалтын 180 мянган га газар, тусгай лаборатори байдаг. Өнгөрсөн жил манайд монголын 20 оуютан суралцсан. Тэнхимийн сургалтаас гадна орос хэл сурч, хичээлийн хоёр практик хийжээ. Эхнийх нь ангийн эдэлбэрт ангийн амьтан агнах, хоёр дахь нь ангийн дараа агнуурын амьтныг тоолсон юм. Монгол оуютнууд шалгалт өгсний дараа “ан судлал” мэргэжлээр академийн тодорхойлолт авч, үүнд тулгуурлан тэдэнд Монголд бакалавр зэрэг олгожээ. Төгсөгчдөөс 6 хүн ирэх жил биологи- ан судлалын сургалтаа үргэлжлүүлж, Эрхүүгийн хөдөө аж ахуйн академийн диплом өвөртлөх юм».
Асуулт: Монголын төлөөлөгчид танай академид саяхан очсон. Тэд ямар зорилгоор очсон бэ?
С.Музыка: «Монголоос 30-40 насны 20 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирсэн. Тэд Монголын хөдөө аж ахуйн компанийн захирал, менежрийн алба хашдаг. Тэд урьд Солонгос, Япон, барууны орнуудад дадлага хийсэн юм. Тэд Эрхүү хотод мэргэжил дээшлүүлэхээр ирсэн юм. Эрхүүгийн хөдөө аж ахуйн академи болон Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн яамны хооронд шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээнд энэ оны эхэнд гарын үсэг зурсан юм. Энэ хэлэлцээний хүрээнд тэд хүрэлцэн ирсэн. Онолын хичээлээс гадна төлөөлөгчид Эрхүү муж төдийгүй дэлхийн жишигт хүрсэн технологитой хөдөө аж ахуйн янз бүрийн байгууллагад очсон юм. Монголын төлөөлөгчдийг ирэх үеэр хөдөө аж ахуйн академийн баазад тулгуурлан Монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчдөд мэргэжил дээшлүүлэх курс зохион байгуулна. Энэ жил 100 мэргэжилтэнг дахин бэлтгэнэ. Бид академийн профессор, багш нарын хүчээр сургалт явуулна».

<сонсох>