Москва хотноо энэ оны 5-р сард Орос улсын нийслэлд болох “Евровидение-2009” дууны уралдаанд оролцох уран бүтээлчдийн бүрэлдэхүүн, жүжигчдийн гарааны дараалал, дуулах дууг эцэслэн тодорхойлжээ. Москва хотноо уралдааны тасалбарыг худалдаж эхэлсэн байна. Эхний өдөр кассын өмнө олон хүн цуглаж, 6 мянган тасалбар 3 цагийн дотор борложээ. Зохион байгуулагчид өдөр бүр ийм хэмжээний тасалбар худалдахаар тогтоосон байна. Төдий л үнэтэй биш гял цал, өнгө будаг хосолсон тасалбарыг валютыг хуурамчаар үйлдэхээс хамгаалсан стандартын дагуу хийжээ. Орос улс Евровидение уралдаанд амжилт гаргаж, үүнийг Москвад зохион байгуулах эрхийг зүгээр ч нэг аваагүй гэж уралдааны гүйцэтгэх захирал Юрий Аксюта ярьж байна. «Бид “Евровидение” уралдаанд түрүүлэхийг их хүссэн. Эцэст нь энэ хүслээ биелүүлсэн. Мөрөөдөл биелсэн гэж хэлж болно. Орос улсад Евровидений уралдааныг Олимпийн наадамтай дүйцүүлэн ойлгож байгаа» гэж Юрий Аксюта ярьж байна. 42 орны төлөөлөгчдийн тэргүүн нар шавга сугалсан юм. Энэ уулзалтаар уралдаанд оролцогч уран бүтээлчдийн бүх аудио, дүрс бичлэгийн материалыг үзүүлсэн юм. «Маргаантай үе байсан ч, төлөөлөгчдийн тэргүүн нарын танилцуулсан ганц ч дууг хасаагүй. Гүржээс хуралдаанд хэн ч ирээгүй бөгөөд тус улс Евровидение-2009 уралдаанд оролцохоос албан ёсоор татгалзсан юм» гэж Ю.Аксюта хэллээ. Өнгөрсөн жилийн уралдаанд түрүүлж, улсынхаа нэрийг мандуулсан, оросын дуучин Дима Билан шавга сугалсан гол хүн байлаа. Тэрээр нэвт харагдах, эргэдэг хайрцагнаас дугаартай цаас хийсэн матрешкаг сугалсан байна. “Шавга сугалах-үнэн мөнийн мөч. Ямар дугаараар дуугаа хүргэх нь чухал байдаг. Би үүнийг нэг бус удаа өөрөө мэдэрсэн” гэж дуучин Дима Билан ярьж байна. Дима Биланы сугалснаар Москвад болох “Евровидение-2009” уралдаанд Черногорын дуучин Андреа Демирович тайзнаа хамгийн түрүүнд дуулна. 5-р сарын 12-нд уралдааны эхний хагас шигшээ тоглолт болно. Хагас шигшээ тоглолт бүрээс 10 оролцогчийг телевиз үзэгч сонгоод, тэд шувтаргад өрсөлдөнө. Тэднээс гадна “их дөрвөл” гэж нэрлэдэг Франц, Герман, Их Британи, Испани, мөн наадмыг зохион байгуулагч Орос улс нэмэгднэ. Дэлхийн од, францын дуучин Патрисия Касс 3 дугаараар, Оросын дуучин Анастасия Приходько 10 дугаараар дуулна.

<сонсох>