3-р сарын 18-нд Монгол Улсын зэвсэгт хүчин байгуулагдсаныхаа 88 жилийн ойг тэмдэглэж байна. Манай сурвалжлагч С.Эрэдэнэ Монгол Улсаас ОХУ-д суугаа батлан хамгаалахын асуудал эрхэлсэн атташе, бригадын генерал М.Хүрлээтэй уулзсан юм. Түүний ярилцлагыг та бүхний анхааралд хүргэе.
Асуулт: Сүүлийн үед Монгол, Оросын зэвсэгт хүчний хооронд хамтын ажиллагаа өргөжиж байх шиг байна. Ямар чиглэлд хамтын ажиллагаа хөгжиж байна вэ?
М. Хүрлээ
: Монгол-оросын уламжлалт цэргийн харилцаа 1990-ээд онд хоёр улсад өрнөсөн улс төр, эдийн засгийн эрс өөрчлөлт, шинэчлэлтийн улмаас бараг зогсонги байдалд ороод байсан гэж хэлж болно. Гэвч сүүлийн жилүүдэд хоёр талын хүчин чармайлтын үрээр хоёр орны цэргийн харилцаа, хамтын ажиллагаа сэргэн идэвхжиж, цаашид улам өргөжин хөгжих сайхан нөхцөл бүрдээд байна.Хоёр орны цэргийн харилцаа сэргэн идэвхжихэд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюковын 2008 онд Монгол Улсад хийсэн айлчлал чухал түлхэц болсон. Манай хоёр улсын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын харилцан айлчлалын дүнд зэвсэг техникийн талаар чухал гэрээ хэлэлцээрүүд байгуулагдаж, Монголын цэргийн албан хаагчдыг ОХУ-ын цэргийн сургуулиудад хөнгөлөлттэй нөхцлөөр болон буцалтгүй тусламжийн журмаар сургах болж, суралцагчдын тоо ч сүүлийн жилүүдэд эрс нэмэгдлээ. Цаашид ч ОХУ-ын цэргийн академи их дээд сургуулиудад суралцагчдын тоо нэмэгднэ.Манай хоёр улсын цэргийн уламжлалт хамтын ажилагаа сэргэж байгаагийн бас нэг бодит жишээ бол өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсын Зэвсэгт хүчний анги салбарууд Сибирийн цэргийн тойргийн анги салбартай хамтарч зохион байгуулсан “Дархан-1” хээрийн сургууль байсан. Тэрхүү сургууль нь хээрийн нөхцөлд зэвсэг техникийн засвар үйлчилгээг зохион байгуулж явуулах, техник үйлчилгээний мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулахад ихээхэн ач холбогдолтой, үр өгөөжтэй арга хэмжээ боллоо гэж бид үзэж байгаа. “Дархан-1” хээрийн сургууль Зэвсэгт хүчинд төдийгүй Монголын ард түмэнд эерэг сайхан сэтгэгдэл төрүүллээ. Манай ахмад дайчид тийм сургууль дахиж хийгдвэл бид сайн дураар оролцож, цалин мөнгө гэхгүйгээр үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаа гэдгээ хүртэл илэрхийлж байна.Цаашдаа зэвсэг техник эзэмших, засвар үйлчилгээ хийх болон терроризмын эсрэг сөрөг тусгай ажиллагааны сэдвээр хамтарсан сургууль дадлагыг өргөтгөж явуулах боломжтой боллоо. Байлдааны зэвсэг, техник дээр ажиллах бага мэргэжилтнийг, тухайлбал, танк, хуягт машины механик жолооч, наводчик зэрэг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд бидэнд Сибирийн цэргийн тойрог тусалж байна. Тэнд бэлтгэгдсэн бага мэргэжилтнүүд манай Зэвсэгт хүчинд чухал үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн, хүүхдийг эхнээс нь жинхэнэ цэргийн хүн болгох зорилгоор бэлтгэдэг Суворовын сургуульд монголын офицеруудын хүүхдүүдээс сонгон авч Екатеринбург, Омск, Кемеровод кадетийн сургуульд суралцуулах боломжийг судалж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ийм сургуульд 10 жилийн 6 дугаар ангиас нь буюу 13 настайгаас нь эхлэн 7 жил суралцуулж 12-р ангийн бүрэн дунд боловсрол, дээр нь цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлдэг. Энэ нь хэлний бэлтгэл бүрэн хангагдсан, цэргийн хэргийн суурь тавигдсан, цаашдаа жинхэнэ цэргийн хүн болж төлөвшсөн боловсон хүчин гарах боломж бүрдэнэ гэсэн үг. Өнөөдөр ОХУ-ын цэргийн академи, их дээд сургуулиудад монголын олон арван цэргийн албан хаагч сурч байна. Дэлхийн бусад ямарч улс оронд тийм хэмжээний цэргийн албан хаагч суралцахгүй байгаа. Урьд нь гадаадын бусад оронд Монголоос нилээд олон хүн сурч байсан бол 2000 оноос энэ тоо буурч ОХУ-ын цэргийн сургуульд суралцагчдын тоо өссөн.
Асуулт: Ойрын үед цэргийн хамтын ажиллагааны ямар төлөвлөгөөтэй байна вэ?
М. Хүрлээ
:“Дархан-2” хамтарсан хээрийн сургуулийг энэ оны 8 дугаар сард зохион байгуулж хийхээр боллоо.Мөн терроризмын сөрөг тусгай ажиллагааны сэдвээр тактикийн хамтарсан хээрийн сургуулийг мөн энэ оны 6 дугаар сард хийхээр тохиролцсон. Энэ сургууль манай цэргийн сургалтад чухал түлхэц өгнө гэж найдаж байна.Цэрэг-техникийн хамтын ажиллагааны 3 дугаар хуралдааныг энэ оны 8 дугаар сард Улаанбаатарт хийх төлөвлөгөөтэй байгаа. Жил бүрийн зун цэргийн амрагчдыг харилцан солилцож амраадаг сайхан уламжлал аль хэдийнээс тогтоод байна. ОХУ-ын Зэвсэгт хүчиндээ хийхээр төлөвлөж байгаа өөрчлөлт шинэчлэлтийг бид сонирхож байгааг хэлэх хэрэгтэй. Бид ОХУ-ын цэргийн шинэчлэлээс сурах, тусгаж авах, авч хэрэгжүүлэх зүйл их бий. Тухайлбал, цэргийн албан хаагчдын нийгмийн асуудал, түүний дотор байр орон сууц, цалин хангамж, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, анги салбаруудын бүтэц зохион байгуулалт, байлдааны бэлэн байдлыг хангах зэрэг асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэж байгаа арга туршлага нь бидэнд хэрэгтэй юм. Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд энэ жил ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Бас ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, ОХУ-ын Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал Н.Е.Макаров Монгол Улсад айлчилна. Саяхан манай ҮАБ-ын зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д айлчлах үеэр түүний бүрэлдэхүүний гишүүн, Монгол Улсын ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Тогоо ОХУ-ын ЗХЖШ-ын дарга армийн генерал Н.Е.Макаров, ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч дарга дэслэгч генерал В.К.Дзиркалн нартай уулзаж хоёр орны цэргийн цаашдын хамтын ажиллагааны талаар нухацтай ярилцаж, чухал зөвшилцөлд хүрлээ. Ер нь дашрамд дурьдахад, хоёр улсын харилцаанд албан ёсны харьцаанаас гадна хувь хүний нэр нөлөө ч маш их эерэг сайхан үр дүн авчирдаг юм байна гэдгийг би энэ албан тушаалд томилогдоод удаагүй боловч олж харлаа. Үүнийг би Монгол Улсын ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Тогоо, ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, армийн генерал Н.Е.Макаров нарын манай Зэвсэгт хүчинд оруулж байгаа хувь нэмрийг хэлж байна.
Асуулт: Халх голын ялалтын 70 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?
М. Хүрлээ: Энэ 2009 он бол бидний хувьд онцгой тэмдэглэлт сайхан жил. Энэ оны 8 дугаар сард Халх голын байлдааны ялалтын түүхт 70 жилийн ойг монгол оросын ард түмэн ёслол төгөлдөр хамтран тэмдэглэж өнгөрүүлэх гэж байна. Энэ арга хэмжээний хүрээнд хийгдэх ёстой олон ажил, арга хэмжээ амжилттай явагдаж байна. Тухайлбал, Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойг хамтран тэмдэглэх арга хэмжээний хүрээнд хөшөө дурсгалыг сэргээн засварлах, ахмад дайядын уулзалт сурталчилгаа зэрэг ажлууд тусгай төлөвлөгөөгөөр явагдаж байна. Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэ ойн бэлтгэлийг хангаж тэмдэглэх Зохион байгуулах ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Л.Болд тэргүүтэй байгуулсан. Уг тогтоолд заасны дагуу ойг угтаж Халх голын орчимд болон бусад газар байгаа зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлах, ойн баярын үеэр дайнд оролцсон ахмад дайчдад нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх, ойн дурсгалын медаль гаргаж монгол, оросын ахмад дайчдыг шагнах гэх зэрэг олон арга хэмжээ төлөвлөгдөж байгаа.Дашрамд, ОХУ Монгол Улс хоёр газар зүйн байрлалын хувьд мөнхийн хөршүүд. Тэр ч утгаараа хоёр орны ард түмэн түүхийн урт хугацаанд нэг нэгнийгээ маш сайн мэддэг ахан дүүс, найз нөхөр бололцож, найрсаг харьцаатай явж ирсэн, цаашдаа ч хамт хаяа нийлж амьдрах сайхан хувь төөрөгтэй ард түмэн билээ. Энэ сайхан найрсаг дотно харьцааны хамгийн тод томруун илэрэлийг хүнд хэцүү цагт нэг нэгэндээ чадал боломжийн хэрээр тусалж дэмжиж ирсэн түүх гэрчилдэг. Манай хоёр орны найрсаг сайхан харилцааны тод томруун жишээ Зэвсэгт хүчний хоорондын олон жилийн нягт харилцаа, хамтын ажиллагааны түүхээс тодорхой харагддагийг та бид бүгдээрээ мэднэ. 1921 онд тэр үеийн Монголд ардын хувьсгал мандахад Оросын арми ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. 1939 оны Халх голын байлдаан, 1941 оны аугаа их эх орны дайн, 1945 оны чөлөөлөх дайнд бид биеэрээ ч, сэтгэл зүрхээрээ ч цуг хамт байсан. Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойг хамтран тэмдэглэх арга хэмжээнд бид маш өндөр ач холбогдол өгч байгаа. Ялангуяа энэ арга хэмжээг залуу үеийнхэнд үлгэр дуурайлал болж үлдэх, тэдний эх оронч үзэл санааг хөгжүүлэхэд түлхэц өгөх хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа.


<сонсох>