Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хууль тогтоох зөвлөлд үг хэлэхдээ ийм санаачилга гаргав. Оросын парламентын дээд тэнхимын дэргэдэх энэ зөвлөлдөх байгууллага 2002 оноос хойш Төрийн Дум, Холбооны Зөвлөлийн бүс нутгийн хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг хангаж байна. Зөвлөлийн хуралдаан байнга болдог бөгөөд ерөнхийлөгч хагас жилд нэг удаа оролцдог. Дэлхийн хямарал урьд тохиож байгаагүй үр дагавартай байна гэж Д.Медведев хүлээн зөвшөөрөв. Дэлхийн эдийн засаг хэзээ ч өнөөгийнх шиг тодорхой бус байгаагүй. Өнөөгийн санхүүгийн хямарлыг 1931 он, дэлхийн хоёрдугаар дайны үетэй харьцуулах хэмжээнд байна. Тиймээс хямарлын эсрэг бүх арга хэмжээг газар дээр нь нарийн чанд шалгах нь чухал юм. Нэг бүс нутагт үр өгөөжтэй хэрэгжсэн санааг бусад нутаг дэвсгэрт турших хэрэгтэй. Энэ арга хэмжээ нь оросын энгийн иргэдэд ойлгомжтой байх ёстой гэж ерөнхийлөгч тэмдэглэсэн юм. Тэр хэлэхдээ: «Хямарлын нөхцөлд ажиллах төлөвлөгөө боловсруулахыг засгийн газарт үүрэг болгосон. Энэ ажлын бие даасан хэсэг дээд түвшинд ойлгомжгүй бол эдийн засгийн нарийн учрыг төдий л мэдэхгүй энгийн иргэдийн тухайд яриад ч яах вэ? Ойрын үед энэ баримт бичгийг бэлтгэж манай улсын хууль тогтоомжийн нэг хэсэг болгохын тулд депутатуудад танилцуулна. Оросын төр засаг төсвийг дахин хэлэлцэж магадгүй байна» гэж Д.Медведев хэллээ. Баррель нефтийн үнэ 41 доллар байх үед Орос улсын хөгжил саарахгүй гэсэн таамаг байгааг тэр сануулсан юм. “Хар алтны” үнэ үзүүлэлтээс буурвал санхүүгийн гол баримт бичигт өөрчлөлт оруулах хэрэг гарна. Ерөнхийлөгчийн хэлснээр нефтийн үнэ өсвөл улс орон нэмж орлого олно. Оросын томоохон банкны гар харах бус орон нутгийн банкны системийг хөгжүүлэхийг Д.Медведев Оросын бүс нутгийн засаг захиргаанд уриалсан нь хямарлын үзэгдэлтэй тэмцэх арга хэмжээний нэг юм. Засгийн газар сүүлийн үед банкны салбарын байдлыг зөв голдрилд оруулж чадсан гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Улс орны эдийн засгийн амин судас тул энэ ажил ихээхэн ач холбогдолтой юм. Орон нутгийн эдийн засгийг дэмжихэд нэн чухал бүс нутгийн банкийг хөгжүүлэх нь санхүүгийн бүх системийг сайжруулах дараагийн алхам болно.

<сонсох>