Саяхан Москва хотноо орос-монголын засгийн газар хоорондын худалдаа-эдийн засаг болон эрдэм шинжилгээ-техникийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн комиссийн 13 дахь хурал боллоо. Оросын төлөөлөгчдийг комиссийн оросын хэсгийн саяхан томилогдсон дарга, ОХУ-ын Тээврийн сайд Игорь Левитин тэргүүллээ. Монголын төлөөлөгчдийг Монгол Улсын засгийн газрын нэгдүгээр орлогч, ЗГХК-ийн монголын хэсгийн дарга ноён Алтанхуяг даргалж байв. Өнөөдөр бид хөтөлбөртөө ЗГХК-ийн оросын хэсгийн орлогч дарга Евгений Поповыг урьж, комиссийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн, ямар шийдвэр гаргасныг ярихыг хүссэн юм. Евгений Поповыг микрофоны өмнө урья: «ЗГХК-ийн хуралдааны үеэр манай хоёр орны хоёр талын хамтын ажиллагааны бүх чиглэл, энэ жилийн уулзалт, яриа хэлэлцээний хуанлийг тохиролцлоо. Бид орос-монголын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа давшингуй хөгжиж байгааг тэмдэглэсэн. Тухайлбал 2008 онд хоёр орны бараа эргэлт өнгөрсөн жилийнхээс бараг 73 хувиар өсч, 1 тэрбум 169 сая доллар болсоныг хуралдааны үеэр тэмдэглэсэн. Тэгэхлээр ЗГХК-ийн хүрээнд баталсан хоёр талын хамтын ажиллагааны хөтөлбөрт зааснаар 2010 онд бараа эргэлтийг 1 тэрбум долларт хүргэх зорилтыг хоёр жилийн өмнө биелүүллээ. Хоёр талын худалдаа тэнцвэргүй байгаа, хоёр орны бараа эргэлт үндсэндээ оросын экспортоос бүрдэж байгаа зэрэгтэй холбоотой зарим асуудал байгааг хуралдааны үеэр тэмдэглэсэн юм. Үүнд юуны түрүүнд нефть бүтээгдэхүүн, хүнсний бараа, хөдөө аж ахуйн түүхий эд зэрэг юм. Үүнтэй холбогдуулан монголын тал Орос улс Монгол улстай давуу эрхийн хэлэлцээ байгуулах тухай асуудлыг дэвшүүлсэн. Бид энэ асуудлаар ажиллана. ЗГХК-ийн 13 дахь хуралд тодорхой төслийг хангалттай эрчимтэй хэлэлцсэн гэж Евгений Попов тэмдэглэж байна. Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын орд газрыг эзэмшихэд оросын компанийг оролцуулах асуудлыг боловсруулж, дэлгэрэнгүй хэлэлцсэн. Юуны түрүүнд ураны салбарт хамтран ажиллах тухай асуудлыг хэлэлцэж байна. Оюутолгойн зэс, цагаан алтын орд, Таван толгойн коксжуулсан нүүрсний ордыг эзэмшихэд оросын компани оролцох ирээдүй байна. Одоогоор “Улаанбаатар төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн стратеги хөгжил, өөрчилж, шинэчлэхэд чиглэсэн ажил өрнөж байна. Одоо тусгай бүлэг ажиллаж байгаа. Энэ бүлэг 1949 оны суурь Гэрээг шинэчлэх зорилготой юм. Комиссийн хуралдааны үеэр монголын тал ОХУ-ын эзэмшилд байгаа “Улаанбаатар төмөр зам” компанийн хувьцааг монголын тал “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн итгэмжлэх удирдлагад дамжуулахыг зөвшөөрсөн юм. Монгол улсын нутаг дэвсгэрт эрчим хүчний төсөлд оросын компани оролцохыг их сонирхож байна. Тухайлбал Интер РАО ЕС компани Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөлд оролцох, Дулааны цахилгаан станц /ТЭЦ-5/ станцыг барих, Улаанбаатар дахь ТЭЦ-3 станцыг сэргээн засварлах төсөлд оролцох сонирхолтой байна. Үүнээс гадна компани Таван толгойн нүүрсний уурхайн хэрэгцээнд дулааны цахилгаан станц барих сонирхолтой байна. ЗГХК-ийн болж өнгөрсөн хурал Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр ирэх долоо хоногийн эхээр Орос улсад айлчлах бэлтгэл ажлын чухал хэсэг боллоо хэмээн Евгений Попов ярьсныг төгсгөлд нь тэмдэглэсэн юм. Талууд 6-р сард Улаанбаатар хотод “Улаанбаатар төмөр зам” нээлттэй хувьцаат компани байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх, орос-монголын хоёр дахь бизнес форум зохион явуулахаар тохиролцсон нь чухал юм. Эхний уулзалт 2 жилийн өмнө Монгол Улсын нийслэлд болж, бизнесийнхэн харилцан ашигтай харилцааг бэхжүүлэхэд ихээхэн сонирхож байгааг харуулсан юм. Хоёр дахь удаагийн форум өмнөхөөс дутахгүй өргөн хүрээтэй болно гэж найдаж байна. ЗГХК-ийн 14 дэх хурлыг 2010 онд Улаанбаатар хотод зохион явуулахаар шийдлээ.

<сонсох>