Foto http://www.jurta.infoСаяхан таван жилийнхээ ойг тэмдэглэсэн Москвагийн нүүдлийн соёлын музейн үзмэрийг гараараа тэмтэрч үзэх боломжтой. Музейн захирал, үүсгэн байгуулагч Константин Куксин Байгал нуурын эргээс Хятадын шар тэнгист дугуйгаар аялахдаа нүүдэлчдийн амьдралын хэв маягтай анх удаа танилцсан байна. “Инфо.ру” вэб хуудаст нийтэлсэн Константин Куксинтэй хийсэн ярилцлагыг та бүхний анхааралд хүргэе. "Дугуйн аялалаас Орос улсад ирсний дараа би монголын соёлын талаар илүү ихийг мэдэхээр шийдсэн ч, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түүхээс хол, сөрөг өнгө аястай мэдээлэл их байсан. Монголчууд суурин соёлтой хөрш оронд халдаж, соёл иргэншлийг сүйтгэж байсан зэрлэг дайчид хэмээн бичиж байсан. Илүү ухаалаг, соёлжсон хөрш орноо сүйтгэх нь тэдний амьдралын гол зорилго байсан гэжээ. “Энэ миний сэтгэгдэлтэй нэг л уялдаж өнгөхгүй байсан” гэж Константин Куксин бичиж байна. Би энэ сэдвийг сонирхосон. Би түүхэн болон угсаатны зүйн уран зохиолыг судалж, хүмүүст нүүдэлчдийн тухай өгүүлэхийг оролдож, 21-р зуунд нүүдлийн олон овог аймаг байдгийг манай залуус мэддэггүй болохыг ойлгосон. Хэрэв мэддэг бол тэднийг зэрлэг, боловсролгүй, өөрийн гэсэн ямар ч соёолгүй ард түмэн гэж үзэж байв. Тэр үед энэ гэр музейг байгуулах санаа төрсөн. 2003 онд угсаатны зүйн аялалаар Монголоос анхны үзмэрээ цуглуулж эхэлсэн. Москва хотод монгол гэр авчирсан, дараа нь өнөө хир нүүдэлчин ард түмэн байгаа бусад мужаас эд зүйл цуглуулж, үзмэрийн сан хөмрөгийг аажмаар баяжуулсан. Угсаатны зүй судлаачид Киргиз, Казахстан, Хятадын баруун хэсэг, Хойд хязгаараар аялжээ. Музейд ненц, хант, Ямалын хойгийн нүүдэлчид, коми, зарян зэрэг үндэстний сууц, эд хэрэгслийг тавьсан байна. Нүүдлийн соёл нь тод, өөрийн гэсэн онцлогтой болохыг хүмүүст таниулах нь миний зорилго юм. Энэ соёл оросын соёлд ихээхэн нөлөөлж байсан, нөлөөлсөөр байна. Өнөө хир өвөг дээдэс нь хэрхэн оршин сууж байсан тэр хэвээр оршин суугаа ард түмэн байна. Энэ нь зэрлэг хүмүүс гэсэн үг биш юм гэж Константин Куксин тэмдэглэв. Угсаатны зүй судлаачийн хэлснээр Оросын ард түмний гуравны нэг нь урьд нүүдлийн амьдралын хэв маягтай байсан. Одоо ч мөн энэ хэв маягаар оршин сууж байна. Орос улсад 45 бага үндэстнээс олонх нь ялангуяа Хойд хязгаарын ард түмэн нүүдлийн хэв маягаар оршин амьдарч байна. Манай үеийнхэн нүүдэлчин ард түмэн уншиж, бичиж чаддаггүй байсан гэж буруу боддог. Нүүдлийн соёлтой монголчууд урьд бичгийн бүхэл бүтэн гурван систем бүтээсэн байдаг. Угсаатны зүй судлаачид шинэ материал цуглуулахын тулд юуны түрүүнд ажиллахаар зэхсэн бүс нутгаа тодорхойлдог. Тэд сонирхож байгаа бүс нутаг, ард түмний талаар бүх ном зохиолыг судалж, орон нутгийн музейтэй холбогдож, энэ салбарыг сайн мэддэг мэргэжилтнүүдтэй зөвлөлддөг. Дараа нь тандан судлах аялал зохион байгуулж, угсаатны зүй судлаачид нүүдэлчид болоод тэдний амьдралын хэв маягтай танилцдаг. Эрдэмтэд хоёр дахь жилдээ үндсэн үзмэрийг Москвад авчирдаг байна. Нүүдэлчин ард түмэн өнөө хир хэрэглэж байгаа эд зүйлийг угсаатны зүй судлаачид авдаггүй гэж Куксин тэмдэглэв. Түүний хэлснээр угсаатны зүй судлаачийн гол зорилго нь нүүдлийн ард түмний соёлыг гүнд нь судалж, амьдралд нь нэвтрэн орох нь чухал байдаг. Музейн ажилтнууд зүгээр нэг эд зүй цуглуулаад зогсохгүй, уламжлалт сууцыг барьж сурахын сацуу, буга маллаж, арьс боловсруулдаг. “Бид хуучны уран гартнуудад шавь ордог. Монголчууд олон зууны турш өргөө гэрээ хийж байсан шиг би монголд гэр хийж сурсан. Киргизстаны Доку уран гартанаас киргиз гэр хийж суран. Хойд нутгийн уран гартнуудаас нарты хийж мөн сурсан.” Угсаатны зүй судлаачид голдуу эрэгтэй, эмэгтэй хосоороо ажиллдаг. Нүүдэлчин ард түмний уламжлалт соёл эрэгтэй, эмэгтэй хоёр хэсэгт хуваагдаг бол сууц нь мөн ялгаагүй эрэгтэй, эмэгтэй хүний хэсэг гэж байдаг. Одоо музей 8 цуглуулгатай. Чингис хааны 13-р зууны гэрийн хуулбар монгол гэр, Хойд захын ард түмний урц, бөөгийн шүтээн зэрэг байна. Музейн ажилтнууд саяхан Москвад анх удаа буддын шашны сүм, бөөгийн урц байгуулжээ. Монголын нутагт оршин суудаг цаатан үндэстний урцын загвараар бөөгийн урцыг хийжээ. “Цаатан үндэстнээс 160 хүн нүүдэлсээр байна. Тэд өнөө хир урцанд оршин суудаг. Энэ ард түмэн олон зуун жил бөөгийн шашин шүтжээ. Манай музейн ажилтан бүсгүй цаатан ард түмнийг судлах үеэрээ энэ ард түмний хамгийн агуу удганд шавь орж, уламжлал соёл ахуйг нь судалсан” гэж Куксин тэмдэглэв. Бүх үзмэрийг гартаа барьж, тэмтэрч үзэх боломжтой тул музей онцлог юм. Хувцас эд хэрэглэлийг өмсөж, нум сум харваж, бугын арьс дэвссэн орон дээр хэвтэж, монгол навтгар сандал дээр сууж, хуучны данханд цай чанаж уух боломжтой. “Тухайн соёлд музей бий болбол тэр соёл амьгүй болдог гэж эрдэмтэн, музей судлаачид ярьдаг. Тиймээс эд хэрэглэлийг энд үргэлжлүүлэн хэрэглэдэг” гэж Куксин ярилаа. Ойрын ирээдүйд музейн ажилтнууд музейн эргэн тойронд чукотын ярангу, Төвдийн нүүдэлчин ард түмэнтэй холбоотой эд зүйл цуглуулж, Халх-Голын тулалдаанд зориулсан музей нээж, “нүүдлийн сургууль” хүртэл нээнэ. “Нүүдлийн сургууль” гэж юу вэ? Буга маллагч ард түмний хүүхдүүд одоо дотуур байранд сурч байна. Бид сургуулийн бага ангийн сургалтыг нүүдлийн хэлбэрээр явуулах бодолтой байна. Багш нар нь тундрт очиж, нутгийн ардуудтай нүүдэллэж, хүүхдүүдэд чөлөөт цаг их олдох ёстой. Тэднийг дунд анги хүртэл нь ийм хэлбэрээр сургах хэрэгтэй байна. Тэгвэл дотуур байранд мартаж байгаа соёл, уламжлалаа тэд хэзээ ч гээхгүй. Энэ бол нийгмийн маш чухал төсөл” хэмээн Константин Куксйн өөрийнхөө төлөвлөгөөний талаар ярисан юм".

<сонсох>