Эрхэм радио сонсогчид оо, сайн байцгаана уу. “Оросын дуу хоолой” радиогоор “Манай шуудангийн хайрцаг” долоо хоног тутмын нэвтрүүлэг явж байна. Уламжлал ёсоор захидлын тоймоос эхэлье. Бид Халх голын тулааны 70 жилийн ойн асуулт хариултын уралдаанд багагүй захидал хүлээж авлаа. Асуулт хариултын уралдаанд Дорноговь аймгийн Сайшанд хотын оршин суугч Д.Норов, Улаанбаатар хотын оршин суугч Ц.Уртнасан, Б.Дамчаабадгар, Өмнөговь аймгийн Даланзадгад хотын С.Базар зэрэг олон радио сонсогчид хариулт илгээжээ. Улаанбаатар хотын сонсогч Ц.Нарангарав асуулт хариултын уралдаанд хариултаа илгээсэн байна. Тэр манай нэвтрүүлгийг орой бүр сонсдог бөгөөд шүлэг илгээжээ. Эрэдэнэтийн “Найрамдал” клубын гишүүд асуулт хариултын уралдаанд идэвхтэй оролцож байна. Тэдний нэг Ё.Магсаржалам асуулт хариултын уралдаанд хариултаа илгээхийн сацуу хот үүсгэн байгуулсны 30 жилийн ойг хэрхэн тэмдэглэснээ бичжээ. Ойн арга хэмжээнд Орос олон зочин оролцсон янз бүрийн арга хэмжээ зохиосон тухай тэр өгүүлсэн байна. Тухайлбал цэцэрлэгийн насныхны дунд зургийн уралдаан болсон байна. Дөрөвдүгээр цэцэрлэгийн 5 настай Болд зургийн уралдаанд түрүүлжээ. Бид бяцхан ялагчдаа чин сэтгэлээсээ баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе. Ё.Магсаржалам “сая ягаан сарнай цэцэг” дууг нэвтрүүлгээрээ дамжуулахыг хүссэнийг дуртаяа биелүүлье. Алла Пугачевын шүтэн бишрэгч Монголын олон сонсогчид энэ дууг хүргэе. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Энэ нэвтрүүлгээр Якутад ажиллаж байгаа анагаах ухааны магистр, төвд судлаач, Бөхбатын Мятавдоржийн тухай өгүүлнэ. М.Бөхбат Улаанбаатар хотын анагаах ухааны дээд сургуулийг “гинекологич” эмчээр төгсөөд, Варшавт ажиллажээ. Якутад 1994 онд төвд эмнэлгийн семинар болсон юм. Тэр үед якутын эмч нар энэ чиглэлийг сонирхож, Монгол Улсын эрүүлийг хамгаалах яамтай гэрээ байгуулсан юм. Тэр үеээс хойш М.Бөхбат хоёр дахь эх орон нь болсон Якутад гэрээний дагуу ажиллаж, оршин сууж байна. Төвд анагаах ухааны мэргэжилтэн тэрбээр зүү, төөнүүр, цус ханах, биеийн массаж зэргээр мэргэшиж, төвд эм барьдаг байна. Өнөө үед олон хүн ханиад хүрч байна. Эмч М.Бөхбат тэдэнд ямар зөвлөлгөө өгөх вэ? Би энэ чиглэлээр нийтлэл уншсан. Ханиад томуунаас сэргийлэх энгийн арга хэрэглэх хэрэгтэй гэж М.Бөхбат бичиж байна. Таны дархалаа хэт сулраагүй бол урьдчилан сэргийлэх ийм арга хэмжээ авахад хангалттай. Хүн орхоодой, эсвэл сибирийн хүн орхоодой ургамалаар 2-3 курс эмчилгээ хийлгэвэл үр нөлөөтэй. Энэ эмийг насанд хүрсэн хүн өглөө, оройд 10 дусал, наснаас хамааран хүүхдэд 2-5 дуслыг өгнө. Гэрт хэн нэг нь өвдсөн бол өрөөний янз бүрийн буланд сармис нарийхан хэрчээд тавганд тавина. Монгол эмчийн хамгийн шилдэг зөвлөлгөө нь орон сууцны крантны бус цасны хайлсан ус гэнэ. Өглөө босонгуутаа өлөн элгэн дээрээ нэг шилэн аяга цэвэр усыг аажмаар залгина. Уур уцаар, ядаргаагаа тайлж сурах нь чухал. Та нам жим, тухтай байрлалд 10 минут сууж, зөв амьсгална. Гүнзгий амьсгаа аваад, амьсгаагаа удаан бариад, аажмаар гаргана. Энэ арван минутанд юу ч битгий бодоорой. Хүн бүрт эрүүл энх, ажил үйлс нь өөдрөг, бодол санаа нь цэгцтэй байхыг хүсэн ерөөе. Бөхбатын эхнэр якут үндэстэн, тэдний үр хүүхэд тэнд өсөн торниж байна. Якут түүний хоёр дахь эх орон болжээ. Анагаах ухааны магистр эмч өвчтөнийг эмчлэхийн сацуу европ анагаах ухааны байр сууринаас дорнын эмчилгээний арга механизмыг тайлбарлахыг эрхэмлэдэг. Орос улсын анагаах ухааны практикт дорнын эмчилгээний аргыг 1980-1990-ээд оноос хойш идэвхтэй ашиглах болсон. Сүүлийн үед эмч нар үүний үр нөлөөг мэдэрч байна. Төв аймгийн Баянчандмань сумын сонсогч Ц.Даваасамбуу Булган аймгийн Хишигөндөр суманд суугаа ээж Хоролсүрэн, ах Зориг, түүний эхнэр Уранчимэг нарт ая дууны мэндчилгээ дэвшүүлснийг бид дуртаяа биелүүлье. Дуучин Дима Биланы дуулсан “Хайр дурлал” дууг сонсоно уу.  “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Орос улсад байгаль орчин, ургамал, амьтан хамгаалах арга хэмжэ хэрэгжүүлж байгаа талаар өгүүлсэн нэвтрүүлэг их сонирхолтой байна гэж манай сонсогч Бямбажав хэлэв. Өнөөдөр бид Кузбасст хэрэгжүүлж байгаа Кемеров мужийн ховор ургамалыг хадгалах олон улсын төслийн тухай өгүүлнэ. Стратегийг олон улсын байгууллагатай хамтран 3 жилд боловсруулсан. Ургамалыг хадгалах дэлхийн стратегийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Орос улсын анхны төсөл юм. Байгаль хамгаалах дэлхийн холбоо үүнийг зуучилж байна. Төслийг хэрэгжүүлэхэд Алтай-Саяны эко бүсийг сонгосон юм. Энэ бүсийн нэг хэсэгт Кемеров муж байдаг. Дэлхийн биологийн олон төрөл зүйлийг дэмжихэд онцгой ач холбогдолтой дэлхийн 200 эко бүс нутгийн нэг нь энэ юм. Энэ бүс нутаг Орос, Монгол, Казахстан, Хятад дөрвөн улсын уулзвар дээр оршдог. Ургамлын аймгийг хадгалахад нэн чухал ач холбогдолтой ургамлын цогцолбор газар байгуулах хүрээнд энэ ажлыг хийсэн. Европын ихэнх улсад ийн цогцолбор газрыг байгуулж бүртгэсэн бол Орост Кемеров мужид анх удаа байгуулжээ. Кемеров мужийн байгалийг хамгаалах стратеги мужийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн бодит байдлыг тусгаж байгаа бөгөөд ургамлын аймаг төдийгуй сөнөх даваанд хүрсэн буюу ховордсон ургамлыг хамгаалах зорилготой. Стратегийг тодорхой хөтөлбөрөөр хэрэгжүүлэх нь хүрээлэн буй орчинд учруулах хохиролыг аль болохоор багасгах боломж олгож байна. Тухайлбал сөнөсөн буюу сөнөх гэж байгаа ургамлыг сэргээх хөтөлбөрийг боловсруулсан байна. Жишээ нь Кузбассын ургамлын хүрээлэнгийн цуглуулгыг Кемеров мужийн Улаан номд багтсан 27 төрлөөс эхлээд 50 дараа нь 100 төрөлд хүргэж нэмэгдуулэх хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөжээ. Стратегийн дагуу ургамлыг хадгалах гол асуудлын хамт байгалийн нөөцийг оновчтой ашиглах, янз янзын ургамлыг хадгалах нөхцлийг бүрдүүлэх, ургамлыг ашиглаж олсон орлогыг адил тэгш хамтран эдлэх зэрэг асуудлыг авч үзэж байна.
Одоо хөгжмийн завсарлагаар Хөвсгөл аймгийн Равдансамбуугийн хүсэлтээр шинэ жилийн эвлүүлгийг залгая. 
Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлэг үргэлжилж байна. Энэтхэгийн Дарамсала хотод оросын сүсэгтнүүдэд буддын сургаал өргөх тухай Халимгийн шажин лам Тэлэ Тулку Ринпочегийн хүсэлтийг Далай лам биелүүлнэ. Далай лам оросын буддын шажинтнуудад их сургаал өргөх ёслол энэ онд болно. Хожим өдөр хугацаа, сэдвий нь тодруулна. Буддын сургаал айлтгах ёслол 2009 оны намар болж магадгүй гэж Халимагийн тэргүүн хамба үзэж байна. Энэ нь оросын буддын ашжинтнуудын хувьд томоохон 2 дахь үйл явдал болно. Сарнахтад түвдийн буддистуудын тэргүүн Шантидевын «Бохичарья-автар» болон Камалашилын «Бхаванкрам» зэрэг буддын нэн чухал хоёр маанийг тайлбарлах үеэрээ оросын шажинтнуудад сургаал өргөхөө зөвшөөрснийг мэдээлэв. Халимаг Буриад Тува болон оросын өөр бүс нутгийн 200 гаруй шажинтан Сарнахтад байлаа. Украин Белорус Казахстан Кыргызстан болон бусад орны Далай ламын сургаалийг баримтлагчид орос хэлээр зэрэг орчуулж интернетээр уламжлах 2009 оны сургаал өргөх ёслолд оролцоно.  Оросын буддын шажинтнуудын тэргүүн Далай ламтай уламжлалт харилцаа холбоог бэхжүүлэхэд ямагт туслаж ирсэн Бүгд найрамдах Халимаг улс Оросын бүрэлдэхүүнд сайн дураараа нэгдэж орсоны 400 жилийн ойг тэмдэглэх энэ онд оросын буддын шажинтнуудад сургаал өргөх нь тэмдэглүүштэй. Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлэг өндөрлөж байна. Одоо Дорнод аймгийн Хэрлэн сумын Батхүүгийн хүсэлтийг дуртайяа биелүүлнэ. “Бяцхан ертөнц” дууг Наталья Королёвагийн дуулахыг сонсоно уу. Ингээд Манай шуудангийн хайрцаг өнөөдрийн нэвтруулгээ өндөрлөе. Амжилт зол жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг эрхэм хүндэт сонсогчиддоо хүсэн ерөөе. Бидэнд захидал бичээрээй. Бид та бүхний асуултад хариулж хөгжмийн захиалгыг биелүүлнэ. Олон улсын сонирхолтой уйл явдал,орос-монголын харилцааны хөгжлийн тухай сонирхолтой чухал материал болон Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг монгол хэлнээ сайтаас сонирхож болохыг дурдая. 

<сонсох>