Ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай испанийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа дурдаад, дөрөвдүгээр сарын эхээр Лондонд ерөнхийлөгч Барак Обаматай анх уулзахдаа энэ асуудлыг хэлэлцэх бодолтой байгаагаа нэмж хэлсэн юм. Энэ төсөөлөл үндэслэлтэй гэж хэлэх хэрэгтэй. Москва энэ асуудлаар Вашингтоноос нааштай дохио хүлээж авсан бөгөөд эдгээр нь яваандаа тодорхой санал болно гэдэгт найдаж байгаагаа ерөнхийлөгч Д.Медведев тэмдэглэсэн юм. Үр ашиг болоод Орос улстай тогтоосон харилцаанд нөлөөлөх тухайд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг Польш, Чехид байгуулах нь зохистой эсэхийг нарийн задлан шинжилнэ хэмээн Барак Обама сонгуулийн кампанит ажлын үеэр, мөн Цагаан ордонд ирснийхээ дараа ч, нэг бус удаа мэдэгдсэн билээ. Одоогоор Пентагон ийм төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухайд АНУ-ын засаг захиргаанаас ямар нэг тушаал аваагүй байна. АНУ-ын зэвсэгт хүчний штабын дарга нарын хорооны дарга Майкл Маллен саяхан телевизийн “Фокс” компанид өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдсэн юм. Европын орнуудын хүн амын олонх нь Пентагоны баазыг хуучин ертөнцөд байрлуулахыг эсэргүүцэж байгааг хэлэх хэрэгтэй. Олон нийтийн дунд явуулсан бүх санал асуулгын дүн үүнийг гарцаагүй баталж байна. Тухайлбал Чехид хүн амын 70 гаруй хувь нь, Польшид хүн амын талаас илүү хувь нь ийм байр суурьтай байна. Вашингтоны төлөвлөгөө нь шууд биш боловч шууд бусаар Оросын эсрэг чиглэсэн хэмээн Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хэлсэн Москвагийн байр суурийг АНУ-ын шинэ засаг захиргаа харгалзсан бололтой. Тогтворгүй дэглэмтэй улс орноос урган гарч байгаа цөмийн терроризм зэрэг янз бүрийн аюул занал байгааг Оросын удирдлага үгүйсгэхгүй. Ийм нөхцөлд тухайн асуудлаар харилцан ашигтай хамтран ажиллах бүрэн боломжтой байхад Москва, Вашингтоны харилцааг нэмж хурцатгах ямар шаардлагатай юм бэ? АНУ, европын орнуудын оролцоотой пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байгуулах тухай Орос улсын санал хүчинтэй хэвээр байгаа. Энэ саналын хүрээнд Оросын өмнөд хэсэгт орших Армавирийн радио локацийн станц, мөн Орос улс түрээсэлж байгаа Азербайжаны Габала хотын радио локацийн станцыг ашиглах боломжтой. Орос, АНУ-ын харилцааг зарчмын хувьд дээшлүүлэх үйл хэрэгт эргэлтийн гэж хэлж болох цэг нь Европт америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн бүрэлдэхүүнийг байрлуулах асуудалд Барак Обамын засаг захиргаа илүү үр бүтээлтэй, түншийн хувиар хандах явдал юм.

<сонсох>