Д.Медведевийг ерөнхийлөгчөөр сонгосны дараа жилийн үр дүнг тооцохдоо олонх улс төрч ийм дүгнэлт хийсэн. Д.Медведев яг жилийн өмнө сонгуульд 70 гаруй хувийн санал авч, Орос улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан юм. Санал асуулгын дүнгээс үзэхэд итгэлийн энэ үнэлгээ шинэ ерөнхийлөгчийн ажлын эхний жилд тогтвортой өндөр хэвээр байна. Энэ хугацаанд улс орон, ерөнхийлөгч өөрөө ноцтой бэрхшээлтэй тулгарсан гэж төрийн тэргүүн хүлээн зөвшөөрч байна. Шинэ ерөнхийлөгч бэрхшээлтэй асуудлыг хангалттай итгэлтэй шийдэж байна гэж улс төр судлаач Сергей Марков тэмдэглэв. Тэр хэлэхдээ: «Д.Медведевийн анхны гол зорилт нь үнэн хэрэгтээ ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх явдал байсан. В.Путин ерөнхийлөгч байхдаа олон жил хамтран ажиллаж, сайн бэлтгэсэн тул Д.Медведев бүрэн эрхээ сайн хэрэгжүүлсэн. Д.Медведевийн тулгарсан хоёр дахь гол сорил нь Кавказын дайн юм. Тэр Оросын цэргийг Өмнөд Осетийн нутаг дэвсгэрт оруулах хатуу шийдвэр гаргасан байна. Чечений дайн дууссаны дараа анхны өргөн хүрээтэй байлдааны ажиллагаа байсан тул анх удаа ийм шийдвэр гаргажээ. ЗХУ задарсны дараа оросын арми өөрийн хилээс гадна анх удаа ийм ажиллагаа явуулсан байна. Мэдээж хэрэг ийм шийдвэр гаргахад маш хүнд, эрсдэлтэй байсан. Д.Медведевт тулгарсан гурав дахь сорил нь дэлхийн эдийн засгийн хямарал юм. Тогтвортой өсч байгаа улс орны удирдагч байх хялбар. Эдийн засгийн боломж хумигдаж байгаа нөхцөлд улс орныг удирдахад төвөгтэй. Эдийн засгийг дэмжих хямарлын эсрэг арга хэмжээнд илүү анхаарал хандуулсан В.Путины бүрэн эрхийг зарим талаар хуваарилсныг бид харж байна. Харин Д.Медведев хүн амын янз бүрийн бүлгийн нийгмийн хамгаалалтад их анхаарч байгаа нь олон нийтээс ихээхэн дэмжлэг хүлээж байна». Ерөнхийлөгчийн эхний жилийн ажлын онцлох сэдэв авилгатай тэмцэх байсан. Д.Медведевийн зарлан хуралдуулсан Төрийн Зөвлөлийн болон тэргүүлэгчдийн олон арвын хурлын бараг тал нь авилгын эсрэг шинэ санаачилгыг дэвшүүлэх талбар болсон. Ерөнхийлөгч үндэсний төслийн асуудал эрхэлсэн Зөвлөлийн мөн тооны хурал зарлан хуралдуулжээ. Тэр засгийн газрын нэгдүгээр орлогчийн албан тушаалд байх үеээс үндэсний төслийн хэрэгжилтийг хариуцаж байсан. Энэ төслийг тухайн үед авилгын “зэвд” идэгдээгүй улсын бодлогын хэрэгслийн хувьд бодож боловсруулсан билээ. Төр засгийг засаг захиргааны илүү үүргээс чөлөөлж байсан юм. Ерөнхийлөгч янз бүрийн асуудлыг хэлэлцэхдээ шалгасан нэр томъёо, хууль зүйн нарийн тодорхойлолтоор илэрхийлэхийг шаарддаг болохыг ажиглагчид анзаарчээ.

<сонсох>