Сочи хотод сүндэрлэж байгаа олимпийн байгууламжийн өртөг 300 тэрбум рубль буюу бараг 9 тэрбум доллароор буурчээ. Наадмын объектын төсвийн баримтыг шалгасан Улсын дүн шинжилгээний газар ийнхүү мэдэгдэв. Тэгэхлээр 2014 оны өвлийн олимпийн наадам оросын сөн хөмрөг болоод хөрөнгө оруулагчдад урьд таамаглаж байснаас нэлээд хямд тусах юм. Барилгын материалын үнэ унаснаас олимпийн объектын өртөг буурсан байна. Спортын дөрвөн ордоноос нэг ордоныг анх төсөвлөснөөс 7,5 тэрбум рублээр хямд өртгөөр босгоно гэж Орос улсын засгийн газрын дэд сайд Дмитрий Козак ярьж байна. Эдийн засгийн хямарлын нөхцөлд төсвийн өртгийг бууруулах нь барилгын төлөвлөсөн ажлыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд дорвитой дэмжлэг болно. Олимпийн наадамд байнга бэлтгэж, ажлын хүрээ улам өргөжиж байгаа болохоор ажлын байрыг хадгалаад зогсохгүй шинээр ажлын байр бий болгож байна. Хямарлын нөхцөлд засгийн газрын тэргүүн зэргийн зорилтын нэг нь энэ юм хэмээн Дмитрий Козак ярьж байна. «Олимпийн наадмыг тохиолдуулан Сочи хотын орон сууцыг шинэчлэх сангаас олгож байгаа татаасаар 1,5 сая ажлыг байрыг хадгална. Энэ жил Сочи хотын бүс нутгийн төслийг санхүүжүүлснээр 20 мянга орчим ажлын шинэ байр бий болгоно. Өнөөгийн нөхцөлд ажлын байрыг хадгалах нь иргэдэд нийгмийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хямарлын эсрэг хамгийн гол арга хэмжээ билээ» гэж Д.Козак хэллээ. Наадмын дараа олимпийн спортын объектыг ашиглах боломжийг тохиролцлоо. Ийнхүү тохиролцсоноор спортын 4 ордон байгуулах хувийн хөрөнгө оруулагчдыг олсон гэж Дмитрий Козак ярьж байна. Олимп, параолимпийн тамирчид бэлтгэл, сургуулилт хийх бааз байгуулж байгаа Имеретинскийн хөндийд хүүхдийн усан парк, олон функцтэй спортын төв байгуулж байна. Барилгын энэ төслөөр хувийн капиталыг шуурхай татах боломж бүрдэж байна гэж Дмитрий Козак хэлсэн юм. Сочи хотын олимпийн наадмын бэлтгэл ажил бүхэлдээ төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна гэж засгийн газрын дэд сайд ярьж байна. Тус хот ирэх жил Өвлийн олимпийн наадмын далбааг албан ёсоор хүлээж авна.

<сонсох>