Дэлхийн санхүүгийн хямарлын үр дагавраас оросын ард түмний амьдрал дордох ёсгүй Орос улсын ерөнхийлөгч ийм байр суурьтай байна. Орос улсын төрийн тэргүүн дорно Сибирийн Өвөрбайгалийн хязгаарт ажлын айлчлал хийхдээ 2-р сарын 19-нд энэ тухай мэдэгдэв. Өвөрбайгалийн хязгаар нь ОХУ-ын шинэ субъект юм. Хятад, Монгол Улстай хиллэдэг Агын Буриадын тойрог болон Чита мужийг нэгтгэсний дүнд өнгөрсөн жил энэ хязгаарыг байгуулжээ. Орос улсын ураны бараг бүх нөөц буюу 94 хувь нь энд төвлөрдөг. Мэдээллийн агентлагуудын мэдээнээс үзэхэд төрийн тэргүүн нэгэн зэрэг хэд хэдэн газар байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Д.Медведев бүс нутгийн тэргүүлэх нэг байгууллагад очиж, танкийн цэргийн боловсон хүчнийг бэлтгэдэг Орос улсын сургалтын томоохон төв, Сибирийн цэргийн тойргийн штабт очиж, тус хязгаарын удирдлагуудтай ярилцсан байна. Орос улс сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжил, банкны систем, байгууллага аж ахуйн нэгжийн хэвийн ажиллагааг хангах сайн хөрсийг бүрдүүлсэн гэж ерөнхийлөгч орон нутгийн засаг захиргаанд сануулжээ. Энэ ололт амжилтыг тасалдуулахгүйн тулд бүхнийг хийх хэрэгтэй. Дэлхийн санхүүгийн хямарал Орос улсын хөгжлийг зогсоох ёсгүй гэдэгт Д.Медведев итгэлтэй байна. Ерөнхийлөгч сургалтын төвийн цэргүүдтэй ярилцахдаа, шинэ төрлийн зэвсгийн зардлын төсвийг хорогдуулахгүй хэмээн амлав. Тэр хэлэхдээ: «Санхүүгийн зардлыг бууруулах ямар ч шийдвэр гаргах аргагүй чухал асуудал бий. Нэг талаас Зэвсэгт хүчин шинэчлэгдэн өөрчлөгдөж, шинэ дүр төрхтэй болж байгаа. Нөгөө талаас орон сууц, нийгмийн баталгаатай холбоотой төлбөр зэрэг нийгмийн зорилт байна» гэлээ. Д.Медведев нийгмийн сэдвийг үргэлжлүүлэхдээ Орос улсын алслагдсан бүс нутгийг улс орны төв хэсэгтэй холбох асуудлыг хөндлөө. Сибирь, Алс Дорнодын оршин суугчдад нисэх онгоцны хөнгөлөлттэй тасалбар олгох асуудлыг нэг бус жил хэлэлцэж байна. Төрийн тэргүүн шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэв. Энэ бүс нутгийн оршин суугчид алс нислэгийн үнийн онцгой системийг ашиглах боломжтой боллоо. «Оюутан, сурагчид буюу 12-23 насны залуус ийм хөнгөлөлт эдэлнэ. Мөн 60-аас дээш насны тэтгэврийн насны хүмүүс ийм тасалбар авах эрхтэй. Тэд 5-р сараас 9-р сард оюутан, сурагчдын амралтын үеэр ийм хөнгөлөлт эдэлнэ. Тасалбарын үнийг 50 хувиар хямдруулна. Москва, Санкт-Петербург, Сочи гэсэн манай орны төв хэсгийн хамгийн нэрд гарсан гурван чиглэлд нисэлгийн тасалбарыг хөнгөлнө гэж Дмитрий Медведев хэллээ. Өвөрбайгалийн хязгаарын нийгэм-эдийн засгийн хөгжлийн асуудлаарх зөвлөлгөөний үеэр Д.Медведев бүс нутгийг хөгжүүлэх тэргүүн зэргийн таван чиглэлийг тодорхойлсон. Энэ нь тээврийн дэд бүтэц, эрдэс-түүхий эдийн баазыг эзэмших, барилгын салбарыг хөгжүүлэх, жижиг болон дунд бизнесийг дэмжих, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг юм. Зөвлөлгөөний төгсгөлд ерөнхийлөгчийн ширээн дээр зурвас тавьсан байна. Д.Медведев зурвасыг уншаад, тус хязгаарын захирагч 15 минутын өмнө ач хүүтэй болсныг зарлав. Төрийн тэргүүн магнай тэнийсэн өвөөд баяр хүргээд, ярилцлага ийнхүү өндөрлөснийг “бэлэгдэлтэй” хэмээн хэллээ.

<сонсох>