Сайн байцгаана уу, эрхэм радио сонсогчид оо. “Оросын дуу хоолой” радиогоор “Манай шуудангийн хайрцаг” долоо хоног тутмын нэвтрүүлэг явж байна. Уламжлал есоор захидлын тоймоос нэвтрүүлгээ эхэлье. Улаанбаатар хотын оршин суугч, соелын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Амар бидэнд дэлгэрэнгүй захидал илгээжээ. Би Москвад томилолтоор ажиллахдаа танай радиогийн хамт олонтой уулзаж байсан. Миний амьдрал тэр чигтээ орос хэлтэй холбоотой. Би хөдөөгийн сургуульд байхдаа анх орос хэл сурч эхэлсэн. Аажмаар хэл сурч, уран зохиол, улс төр, спортын нийтлэл орчуулах болсон. Нийт дүнгээр би 60 орчуулга хийж, 130 гаруй ном хянан тохиолдуулсан. Одоо би 75 настай, тэтгэвэрт суугаад 16 жил болж байна. Гэсэн ч, үргэлжлүүлэн орчуулсаар байна. Майя Плисецкая, Ирина Хакамада, Ирина Федоровын “Хайр дурлалын эртний цуурай” дурсамжийг сонирхон уншисныг хэлэхийг хүсч байна. Ирина Федорова номондоо монголчуудын тухай, ахуй, ес заншлын талаар халуун дотно дурсаж, Улаанбаатарын амьдралыг дэлгэрэнгүй бичсэн байдаг. Түүний хань нэрд гарсан эмч Святослав Федоровын тухай би янз бүрийн эх сурвалжаас мэдсэн. Энэ гайхалтай эмчийн тухай өгүүлбэл монголын сонсогчдод сонирхолтой байх болов уу.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын оршин суугч Д.Равдансамбуу даралт ихэссэний улмаас бараг сохорсон тухайгаа бичжээ. С.Федоровын нэрэмжит нүдний эмнэлгийн Эрхүүгийн салбарт эмчлүүлсний ачаар аажмаар хараа орж байна. Тэрээр мэс засалч Бурий болон бусад мэргэжилтэнд гүнээ талархажээ.
     Нэг жишээ дурдая. Алтайн бүгд найрамдах улсын нүдний эмч Юрий Косарев склероэктоми шинэ мэс заслаар, зэргэлдээх Баян-Өлгий аймгийн оршин суугч 73 настай, нүдний даралт ихсэх өвчтэй Хамизу Какарманыг харалган болохоос аварчээ. Түүнд цаг алдалгүй, зөв мэс засал хийсэн тул үр дүнгээ өгч, өвчтөн хэдэн арван жил хараатай байна. Нүдний даралт ихсэх өвчтэй хүнд даамжирдаг харааны мэдрэл хатангиршиж, бараг харалган болдог байна. Юрий Косарев Орос улсын гавьяат эмч, 40 гаруй жилийн ажлын туршлагатай юм. Тэрээр тус бүгд найрамдах улсад гэмтэл багатай мэс заслаар нүдний даралт ихсэх өвчнийг эмчилжээ.
Хөгжмийн завсарлагын дараа Святослав Федоровын тухай өгүүлнэ. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын оршин суугч Т.Шийлэгдамба ээждээ ая дууны мэндчилгээ дэвшүүлэхийг хүсчээ. Бид түүний хүсэлтийг дуртая биелүүлье. Лариса Долины “Цасан доорх цэцэг” дууг хүргэе.
    “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Улаанбаатар хотын сонсогч Г.Амарын хүсэлтээр оросын нэрд гарсан нүдний эмчийн тухай өгүүлье. Олон арван жил Святослав Федоровын нэр анагаах ухааны ололт амжилттай холбогдсон. Тэрээр 1958 онд Чебоксарт ажиллахдаа нүдний болорыг хиймлээр солих анагаах ухаан, нийгмийн бэрхшээлийг шийдэхээр ханцуй шамлажээ.Святослав Федоров олон удаа туршилт судалгаа хийсний дараа ЗХУ-д анх удаа интраокуляр линзийг амжилттай суулгаж, шинжлэх ухаанд шинэ чиглэлийг нээсэн юм. Дараагийн 10 жилд тэдний сонгосон зам ирээдүйтэй болохыг баталсан. Орос улсад л гэхэд Федор, түүний шавь нар 1.5 сая ийм мэс засал хийжээ. Тэрээр анагаах ухааны хилийг тэлж, хэн нэгний болохгүй хэмээн анхааруулсныг үл ойшоон, эрсдэлтэй алхам хийж, түүнийгээ зөв болохыг баталж байв. Тэрээр хүмүүсийг нүдний шил зүүдэггүй болгох зорилт тавьж, миоп, гиперметропи, астигматизмыг засах эрчимтэй мэс засал буюу дэлхийн нүдний мэс засалд дээд зэргийн үр нөлөөтэй цоо шинэ чиглэлийг бүрдүүлсэн юм. Святослав Федоров болон түүний сургууль, олон орны хамтран зүтгэгчид нь “хүн бүрт сайхан нүд” зарчим боловсруулж, хэрэгжүүлэхдээ, олон сая харалган хүнийг аз жаргалтай болгосон билээ. С.Федоровын нэрэмжит “Нүдний бичил мэс засал” эмнэлэг Орос болон бусад ороны нүдний эмнэлгийг тэргүүлж байгаа ур чадвартай олон мэргэжилтэн бэлтгэсэн эрдэм шинжилгээний сургууль болсон юм. Оросын аж үйлдвэрийн 11 том хотод энэ хүрээлэнгийн салбар ажилладаг. 
     Дуучин Филип Киркоровын “Чи надтай хамт” дуугаар нэвтрүүлгээ үргэлжлүүлье.
    “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Улаанбаатар хотын оршин суугч С.Дагвадорж, Говь Сүмбэр аймгийн сонсогч Бямбажав нар Орос улсад хэрэгжүүлж байгаа байгаль хамгаалах арга хэмжээний талаар өгүүлэхийг хүсчээ. 1997 оноос хойш 1-р сард Бүх оросын дархан цаазат газар, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өдрийг тэмдэглэж байна. Орос улсын анхны дархан цаазат газрыг 1916 онд Баргузинскт байгуулжээ. Тэр үеээс хойш бараг зуун жил өнгөрчээ. Өнөөгийн байдлаар Орост улсын 101 дархан цаазат газар, үндэсний 40 цэцэрлэгт хүрээлэн байна. Орос улсын нийт талбайн 2,5 хувь нь дархан цаазат газар, үндэсний цэцэглэгт хүрээлэн эзэлж байна. Энэ хэмжээ цаашид нэмэгдэх төлөвтэй. Орос улсын байгалийн хамгаалалттай бүс нь улс орны үндэсний бахархал төдийгүй амьд байгаль сонирхогч, эрдэмтэн судлаач, гадаадын жуулчдын “мөргөлийн” газар билээ. Орос улсын дархан цаазат газар болон үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрт Улаан номонд орсон ховор зүйл амьтан, ургамалын тоо, толгой нэмэгдэж байна. Экологийн лагерьт амардаг хүүхэд багачууд жил тутам энэ бүст ирдэг бөгөөд хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэсэн наадам, цуглаан, экологийн бага хурал зохион байгуулдаг. Байгаль хамгаалагчдын явуулсан хамгийн олон хүнийг хамарсан арга хэмжээ нь байгаль хамгаалах олон арван бүсийн төлөөлөгч оролцдог цэцэрлэгт хүрээлэнгийн уламжлалт марш юм. Оросын хэд хэдэн дархан цаазат газар, үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтад оруулсан байгаа. Юуны түрүүнд дэлхийн хамгийн гүн, цэвэр усны хамгийн том агуулах Байгаль нуур энэ жагсаалтад багтсан. Комийн бүгд найрамдах улсад Печеро-Илычскийн дархан цаазат газар, Ютыг-Ва үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Европын хойд тайгын хамгийн онгон байгальтай газар юм. Оргимол булгийн алдартай хөндий, галт уулын хэдэн зуун нуур, тохойрсон газар, хад цохио, хүрхэрээ зэргийг харах хүсэлтэй жуулчид дэлхийн өнцөг булангаас Камчаткийн галт уулын ер бусын нутгийг зорьдог. Орос, Казахстан, Хятад болон Монголын хил дээр орших Өмнөд Сибирийн уулын Алтайн алтан уулс, Куршурскийн хошуурсан элс, баруун Кавказ зэргийг тэмдэглэх хэрэгтэй.
    Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Баянхонгор аймгийн оршин суугч Л.Евдонсамбуу хамаатан садандаа ая дууны мэндчилгээ дэвшүүлэхийг хүсчээ. Бууцагаан сумын оршин суугч Х.Ганзориг, Эрдэнэцогт сумын багш Ш.Намжилмаа, тэдний гэр бүлийн гишүүдэд мэнд дэвшүүлсэн байна. Л.Евдонсамбуугийн хүсэлтээр та бүхэнд ардын дуу хүргэе. “Охид бүрэлгэнэ эвдэв” дууг казак дууны хамтлаг дуулна.
     “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өвөрхангай аймгийн Сант сумын оршин суугч П.Дүвжир Сочи хот 2014 оны олимпийн наадамд хэрхэн бэлдэж байгаа тухай асуужээ. Өвлийн олимпийн наадмын дараа Сочи хот оросын ганц ч хот хараахан ороогүй байгаа дэлхийн оршин суухад хамгийн тухтай 200 хотын жагсаалтад багтах ёстой гэж ОХУ-ын засгийн газрын дэд сайд Дмитрий Козак мэдэгдэв. Хар тэнгисийн эрэг дээр хэн ч ажилгүй суухгүй. Одоо ажиллах хүчин их хэрэгтэй байна. Амралт сувилалын салбарын боловсон хүчин олимпийн объектод ажиллах болбол хэрхэх вэ? гэж олон удирдагч мэгдэж байна. Спортын объект барих нэг хэрэг. Харин тэднийг ажлын байраар хангах өөр хэрэг юм. Явуулын үйлчилгээний ажилтан бодитой бус тул тэдэнд нэмж орон сууц барих шаардлагатай. Тэгэхлээр Сочи хотынхон ажиллах хэрэгтэй болж байна. Ерөнхийлөгч Д.Медведев шинэ жилийн амралтаар Сочи хотод ирэхдээ олимпийн барилгын ажил хариуцсан дэд ерөнхий сайд, “Олимпстрой” улсын корпорацийн ерөнхийлөгч, Краснодарын хязгаарын захирагч гэх мэт албаны бүх хүнтэй уулзжээ. Д.Медведев барилга, 2014 онд Сочи хотод өвлийн олимпийн наадам зохион явуулах ажилд тавих хяналтыг нэмэгдүүлэхийг шаардсан юм. Олимпийн барилгад их хөрөнгө хуваарилж байгаа тул энэ хөрөнгийг үрэн таран хийхгүй байх нь улсын үүрэг болохыг ерөнхийлөгч тэмдэглэв. Д.Медведев ерөнхий сайд В.Путинтай энэ өвөл Красная Полянагийн цанын замаар гулгаж үзжээ. Дэлхий дахинд энэ замаар гайхуулж болно. Ерөнхийлөгч Д.Медведев хэд хэдэн өргөгч, хэдэн арван модон байшинтай “Поляна” уулын цогцолбор шинэ зочид буудалд хэд буужээ. Тэнд “Горная карусель” спорт-аялал жуулчлалын өөр цогцолбор нээгдсэн байна. Энэ цогцолбор анхны цанаар гулгагчдаа хүлээн авч байна. Цанын замыг 540 м, 960 м, 1450 м, 2150 метрийн өндөрт байгуулсан. Гондоль, суудалтай, бүхээгтэй зэрэг татлагат зам, цанын зам 70 км урт, 2 трамплин байна. Төслийн хүрээнд олимпийн хэвлэлийн тосгон барина. 2150 газар 52 барилга барих бөгөөд зочид буудал, зоогийн газар, тоног төхөөрөмж түрээслэх цэг зэрэг үйлчилгээний дэд бүтцийн объект барина. “Горная карусель” цогцолбор нэгэн зэрэг 12 мянган хүн хүлээн авахад бэлэн байна. Дэлхий даяар итгэсэн олимпийн үлгэр үргэлжилж байна. Энэ үлгэр амьдралд хэрэгжинэ гэж найдаж байна.
    “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг өндөрлөж байна. Филипп Киркоровын “Сочи” дуугаар өндөрлөе.
   “Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлэг” дууслаа. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье. Та бүхэн бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултанд дуртаяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ.

<сонсох>