Өнгөрсөн жил Орос улс болон Монгол Улсын хооронд харилцан худалдааны хэмжээ 1,3 тэрбум долларт хүрчээ. Талууд 2010 онд хоёр орны бараа эргэлтийг ийм хэмжээнд хүргэнэ гэж төлөвлөж байсан юм. Зөвхөн Тувагийн бүгд найрамдах улсын хөрш Монголын аймгуудтай хийж байгаа худалдаа 2007 онд бараг хоёр дахин нэмэгджээ. Орос улсын энэ бүс нутаг Монгол Улсын баруун аймгуудтай хамтын ажиллагаагаа хэрхэн хөгжүүлж байгаа талаар манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Монгол Улсад суугаа Тувагийн бүгд найрамдах улсын төлөөлөгчийн газрын дарга Орлан Сарыглараас асуусан юм. Тэрээр ярихдаа: «Тувагийн бүгд найрамдах улс 10 жилийн эхэнд гарын үсэг зурсан худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёлын хамтын ажиллагааны тухай гэрээнд тулгуурлан Монголын хөрш аймгуудтай бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Зургаан аймгаас Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд аймагтай нягт холбоо тогтоосон. Эдгээр аймгуудтай худалдаа-эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Манай бараа эргэлт өнгөрсөн жил хоёр дахин нэмэгдсэн. Гэхдээ Монгол Улсад экспортолсон бүтээгдэхүүний хэмжээгээр энэ үзүүлэлт нэмэгдсэн. Өнөөгийн байдлаар бид худалдааг тэнцвэржүүлэх ажлыг эрчимжүүлэх бодолтой байна».
Асуулт: Тувагийн бүгд найрамдах улсууд үндсэн ямар бүтээгдэхүүн баруун аймагт экспортолж байна вэ? Хөрш орноос ямар бүтээгдэхүүн импортоор авч байна вэ? Худалдааг нэмэгдүүлэхэд юу нөлөөлж байна вэ?
О.Сарыглар: «Хөдөө аж ахуйн “Урианхай” компани 10 гаруй жил монголын зах зээлд амжилттай ажиллаж байна. Энэ компани хөрш аймгуудад оросын буудайн гурил, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг. Монголын баруун нутгийн зах зээлд шатах, тослох материал, автотехник, орост үйлдвэрлэсэн багсармал тэжээл эрэлт их байна. Бид Монголын хөрш аймгаас мах, арьс худалдаж авсан. “Урианхай” компани малын гаралтай экологийн энэ цэвэр бүтээгдэхүүнийг өөрсдөө бэлтгэдэг. Үүнээс гадна Тува гадаад эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд нөлөөлөх хил орчмын худалдааны үзэсгэлэнг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулах арвин туршлага хуримтлуулсан билээ. Өнгөрсөн жилүүдэд ийм үзэсгэлэнг жилд ганц, хоёр удаа зохион байгуулж байсан бол өнгөрсөн жил 5 удаа зохион байгуулсан. “Тыва Экспо-2009” бүс нутаг хоорондын үзэсгэлэн ярмагийг энэ жил монголын талын урилгаар Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулсан. Энэ үзэсгэлэнд Тува төдийгүй Орос улсын Сибирийн бусад бүс нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тавина».
Асуулт: Тувагийн бүгд найрамдах улс Монгол Улсын баруун аймгуудтай харилцаагаа өргөжүүлэхэд өөр юу нөлөөлж болох вэ?
О.Сарыглар: Тувагийн бүгд найрамдах улс болон Увс аймгийн хил дээрх “Хандгайт-Боршоо” автомашины шалган нэвтрүүлэх цэг ойрын ирээдүйд олон улсын статустай болбол Монголыг зорих Тува болон гуравдагч орны жуулчдын урсгал нэлээд нэмэгдэнэ. Тувагийн зүгээс шалган нэвтрүүлэх цэгийн дэд бүтцийг хөгжүүлэх бүх арга хэмжээг авсан. Өнгөрсөн жил тус бүгд найрамдах улс Хандгайтын зам болон худалдааны төвийг засварлахад 15 сая гаруй рубль зарцуулсан юм. Шалган нэвтрүүлэх цэг олон улсын статустай болох тул Монгол улс энэ объектод оруулах хөрөнгийн хэмжээг энэ жил нэмэгдүүлэх бодолтой байна. Монголын нутаг дэвсгэрт “Курагино-Кызыл” төмөр замыг салаалуулах төсөлд цаашид худалдаа-эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асар их боломжийг тусгажээ. Монголын тал тив нэвтэлсэн энэ гол шугамыг Хятадын баруун нутгийн төмөр замтай холбох таамагласан хувилбарыг хэдийн танилцуулсан юм.
Асуулт: Таны дээр ярьсан бүхэн өнгөрсөн оны ажлын үр дүнд хамаарна. Энэ үед дэлхийн эдийн засгийн хямарал дэгдсэн. Өнөөгийн байдлаар эдийн засгийн хямарал Тува болон Монголын хөрш аймгуудтай хийж байгаа худалдаанд нөлөөлж байна уу?
О.Сарыглар: «Мэдээж хэрэг. Юуны түрүүнд эргэлтийн хөрөнгө хүрэлцэхгүй байна. Тухайлбал манай “Урианхай” хөдөө аж ахуйн компани өнгөрсөн оны төгсгөлд монголын худалдааны түншүүдтэй тохиролцсоны дагуу мах бэлтгэсэн. Үүнийг төлж, оросын нутагт оруулах хөрөнгө байхгүй байна. Их хэмжээний мах авах тул бидэнд зээл олгох банк хайж байна. Монголын түншүүд мөн л ийм бэрхшээлтэй тулгарсан».

<сонсох>