“Аксиос” хэмээн уухайлан тэргүүн хамба Кирилийг өнөөдөр Орос улсын үнэн алдартны шашны гол сүм Аврагч Христосын сүмд Москва болон бүх Оросын тэргүүн хамбын суудалд залав. Тэргүүн хамба Алекси хоёр нас нөгчсөний дараа Оросын үнэн алдартны шашны сүм Поместный цогчин дуганад 16 дахь тэргүүн хамбыг сонголоо. Тэргүүн хамбыг залах ёслолын үеэр мөргөл хийж, тэргүүн хамбад шашны холбогдох хувцас өмсгөж, эд зүйлийг гардууллаа. Хамбыг залах ёслолд ахан дүүсийн харилцаатай үнэн алдартны шашны сүмийн төлөөлөгчид, ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, ерөнхий сайд В.Путин нар оролцов. Ёслолын үеэр тэргүүн хамба Кириллд анхны тэргүүн хамба Москвагийн Петрийн таягийг гардууллаа. 14-р зууны эхэнд Москва Оросын үнэн алдартны шашны сүмийн хамбын өргөө болж, анхны тэргүүн хамба хэргэм зүүх болсон юм. Энэ нь Оросын анхны хутагтын ёслолын заламж байдлыг баталж байна. Аврагч Христосын сүмд ирсэн хүмүүст хандан тэргүүн хамба Кирилл хэлэхдээ, иргэний нийгэмд дэмжлэг болох үндсэн хуульд тулгуурлан төр засаг, сүмийн харилцааг тогтоох нь чухал болохыг тэмдэглэсэн юм. “Тэргүүн хамбын амьдралд хувийн зүйл гэж байх ёсгүй. Тэр өөрөө болон түүний амьдрал тэр чигтээ бурхан, сүмд харьяалагдана” гэж Кирилл тэргүүн хамбын хувьд анх хэлсэн үгэндээ дурдсан юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев тэргүүн хамбад баяр хүргэхдээ, “Үнэн алдартны шашныг хөгжүүлэхэд тэргүүн хамбыг залах ёслол шинэ эринийг нээж, Оросын үнэн алдартны шашны сүм болон төр засгийн хооронд бүрэн, эв нэгдэлтэй харилцааг бэхжүүлэхэд шинэ нөхцлийг бүрдүүлж байна. Таны шашны үйл хэрэг бол үнэхээр агуу, хүнд билээ хэмээн Д.Медведев тэргүүн хамба Кириллд хандан хэлсэн юм. Тэргүүн хамба нарын өнөө хүртэл Орос улсад байгуулсан гавьяа нь тэргүүн хамба нар эмгэнэлтэй, маш хүнд нөхцөлд ард түмэндээ онцгой анхаарал хандуулж, хамгаалж байсны гэрч юм. Орос улс хэдэн зуун жилийн өмнөх үеийнх шиг олон бэрхшээлтэй тулгарч, зөрчил, мөргөлдөөнтэй энэ ертөнцөд хөгжиж байгаа тул, төр засаг болоод Оросын үнэн алдартны шашны сүм ийнхүү хамтран ажиллах нь нэн чухал билээ хэмээн ерөнхийлөгч тэмдэглэв. Орос улсад янз бүрийн сүсэг бишрэлтэй, янз бүрийн үндэстэн оршин суудаг. Тиймээс тэргүүн Хамбын үүрэг энд нэн чухал юм” гэж ерөнхийлөгч тэмдэглэсэн байна. Тэргүүн хамба Кирилл хамбын суудалд залрахын өмнө Смоленск блон Калининградын хамба байсан бөгөөд Москвагийн хамбын сүмийн гадаад харилцааны албыг тэргүүлж байжээ. Тэргүүн хамба Кирилл 2001 онд Монголд очиж, Улаанбаатар хотод Гэгээн Троицкийн үнэн алдартны сүм байгуулах тулгын чулууг тавих ажилд оролцож байсан юм.

<сонсох>