Москвад болох “их хорийн” ээлжит дээд хэмжээний уулзалтаар дэлхийн хэд хэдэн нөөц валют бий болгох нөхцлийг хэлэлцэхийг санал болгож байна. Орос улсын сангийн яамны төлөөлөгч Андрей Бокарес энэ тухай сэтгүүлчдэд уламжлав. Дэлхийн эдийн засгийг хямарлаас гаргах арга хэмжээг хэлэлцэхийн тулд энэ форумыг 4-р сарын 2-нд Лондонд зохион байгуулна. Андрей Бокаревын хэлсэн санаа Давост нээгдсэн Дэлхийн эдийн засгийн форумын нээлтэнд ерөнхий сайдын хэлсэн үгэнд хэдийн гарсан билээ. Дэлхийн шинжээчид үүнийг “Путины жор” гэж нэрлэсэн байна. Орос улсын ерөнхий сайд илтгэлийнхээ төгсгөлд дэлхийн санхүүгийн хямарал нь санхүүгийн зохицуулалтын чанар муу, хөрөнгийн өртөг болон санхүүгийн гүйлгээний хүрээ тэнцвэргүй зэргээс үүдэлтэй хэмээн дүгнэжээ. Өвчтөнийг эмчлэхийн тулд дэлхийн эдийн засаг дахь үеээ өнгөрөөсөн нэг туйлт тогтолцооноос татгалзах хэрэгтэй гэж В.Путин үзэж байна. Үүний оронд олон улсын төлбөр тооцоонд валютыг төрөлжүүлэх, дэлхийн санхүүгийн хэд хэдэн томоохон төвд тулгуурласан систем хэрэгтэй. Орос улсын ерөнхий сайд дэлхийн хямарлыг улам гүнзгийрүүлж болох алдаатай алхамаас сэргийлэхийг бусад орны засгийн газарт уриалав. “Тусгаарлах, эдийн засгийг хамгаалах тогтоох аргагүй бодлогоос” татгалзахыг В.Путин ажил нэгт нөхөддөө санууллаа. Дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах бодлогын талаар ерөнхий сайд зүгээр ч нэг дурдсангүй. Орос улсын эдийн засгийн яам саяхан дэлхийн санхүүгийн хямарлын нөхцөлд улс орнуудын авч байгаа алхамын талаарх мэдээллийг нийтэлжээ. Яамны дүгнэлтэд тайвширах аргагүй юм. Ихэнх орон тэр дундаа “их хорийн” гишүүн орнууд дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах арга хэмжээнээс татгалзаж, тэвчсэнгүй. Вашингтонд болсон хямарлаас гарах арга хэмжээг хэлэлцэх “хорийн” уулзалтаар эдгээр орон жилийн турш худалдааны саад хориг тавихаас татгалзах үүрэг хүлээсэн юм. Европын Холбооны орнуудад будаа, амуу тариа, арвайн импортын татварыг сэргээсэн байна. Энэтхэгт гангийн импортод 5 хувь, буурцгийн тосонд 20 хувийн татвар тус тус ногдуулжээ. Хятадад өнгөт металл, нүүрсний татварыг нэмсэн байна. Дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийг хямарлаас гаргахад саад хийж байна гэж Орос улс дахь “Дойче Банк”-ны ерөнхий эдийн засагч Ярослав Лисоволик үзэж байна. «Дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах бодлогын аюул дэлхийн эдийн засагт нэлээд ноцтой юм. Сүүлийн жилд ажиглагдаж байгаа ийм бодлого улам их хэрэгжүүлснээс дэлхийн эдийн засгийн уналтыг даван туулахад хамгийн ноцтой саад болж байна. Улс орон бүр хямарлаас дангаараа гарахыг оролдох үед дэлхийн эдийн засгийн хямарлаас гарах боломж сунжирна». Москва дэлхийн эдийн засгийг эрүүлжүүлэх бусад арга хэмжээг “их хорийн” уулзалтаар санал болгох бодолтой байна. Тухайлбал санхүүгийн бодлогын салбарт өргөн хүрээтэй зарчим нэвтрүүлэх явдал юм. Улс орны гадаад өр, төсвийн алдагдлыг хязгаарлах Маастрихтскийн хэлэлцээтэй энэ нь төстэй гэж Сангийн яамны төлөөлөгч Андрей Бокарев үзэж байна. Үүнээс гадна Орос улсын үзэж байгаагаар Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудад эрт дээрээс дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай байна.

<сонсох>