Орос улс Афганистаны аюулгүй байдлын асуудлаар бүх орон тэр дундаа АНУ-тай бүрэн хамтран ажиллахад бэлэн байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Узбекистанд айлчлахдаа энэ тухай мэдэгдэв. Барак Обамын шинэ засаг захиргаа афганистаны асуудлыг шийдэхэд илүү амжилттай ажиллана гэдэгт найдаж байгаагаа тэр илэрхийлэв. Барак Обама цагаан ордонд ирэхийн өмнө Ирак бус харин Афганистан дэлхийн терроризмтай тэмцэх гол фронт хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Олон шинжээч энэ байр суурийг дэмжиж байна. НАТО-ийн 26 орон, 17 бусад улсаас бүрдсэн эвсэл Афганистанд энх тайван, тогтвортой байдал, аюулгүй байдлыг тогтоож чадсангүй. Эсрэгээр тус улс олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэргийг үүр уурхай болж байна. Талибан хөдөлгөөн, “Аль-Каида” бүлгийн дээрэмчид улс орны ихэнх нутгийг хяналтандаа авчээ. Өнгөрсөн жилүүдэд намуу цэцэг, олс ургамалын ургац хэд дахин нэмэгдсэн байна. Мэдээж хэрэг Афганистанаас дундад Ази, Орос улс, Европын орнуудад мансууруулах бодисын худалдаа ихэссэн.Вашингтон Афганистан дахь цэргийн тоог нэмж, байдлыг засч залруулах бодолтой байна. Цагаан ордон энэ жил тийшээ 30 мянган цэргийн албан хаагчийг илгээж, тэнд байгаа америкийн цэрэг, офицерын тоог 60 мянга болгохоор төлөвлөж байна гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ ерөнхийлөгч Обама Их Британийн ерөнхий сайд Гарольд Браунаас Афганистанд дахин 4 мянган цэргийн албан хаагч илгээхийг хүсчээ. Бусад улсад ийм хүсэлт тавихыг үгүйсгэхгүй байна. Эвслийн цэргүүд зохих хүч, боломжтой байх ёстой юм. Афганистаны асуудлыг хүчээр шийдвэрлэх нь үр нөлөөгүй болохоо харуулсан. Тэсрэх бөмбөг, пуужингийн цохилт өгч террористуудтай тэмцэх явцад энгийн хүмүүс өртөж амиа алдаж байна. 2008 онд 2000 гаруй хүн энэ цохилтын үеэр амиа алджээ. Афганистанд энгийн амьдралыг сэргээхэд олон улсын хүчин чармайлтыг дээд зэргээр зохицуулж, идэвхжүүлэхийг Орос улс санал болгож байна. Энэ үйлдэл нь төр засаг, хууль дүрмийг бэхжүүлэх, мөргөлдөөний дараа афганистаны эдийн засгийг сэргээх, хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд чиглэсэн байна. Орос, Узбекистаны ерөнхийлөгч нарын Ташкентад гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэх, цаашид хамтран ажиллах тухайд Москва, Ташкент ШХАБ-ын ивээлд Афганистаны асуудлаарх олон улсын бага хурал зарлан хуралдуулахыг санал болгожээ. Афганистаны асуудлыг зохицуулахад АНУ, НАТО өнөө хүртэл ШХАБ, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагатай хамтран ажиллахаас ямагт зайлсхийж байсан тул энэ асуудал нэлээд тулгамдсан асуудал байна. Энэ удаа ямар байх бол!

<сонсох>