Давост 1-р сарын 28-аас 2-р сарын 1-нд дэлхийн эдийн засгийн форум /ДЭФ-2009/ болно. Энэ форумыг зохион явуулсан 40 жилийн хугацаанд энэ жилийнх хамгийн чухал, онцлог форумын нэг байна. Энэ форумыг үндэслэгч, тус форумын гүйцэтгэх захирал Клаус Шваб ийнхүү хэллээ. Энэ форумд улс төрийн удирдагч, бизнесийн хүрээнийхэн, сонирхосон хүмүүс урьд байгаагүй өргөн хүрээнд оролцож байгаа тул жил тутмын чуулганаар гол тоглогчид дэлхийн хямарлын хүрээ, хямарал эцэс болсны дараах дэлхийн ерөнхий дүр зургийг хэлэлцэх боломжтой гэж Клаус Шваб Женевт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Форумд урьд байгаагүй хэмжээний төр, засгийн тэргүүн нар оролцоно. Дэлхийн 40 гаруй удирдагч форумд оролцохоо мэдэгдэв. Давост 96 орны 2,5 мянга гаруй хүн оролцоно. Орос улсын ерөнхий сайд анх удаа форумыг нээнэ. В.Путин хагас цаг үг хэлэхдээ санхүү, эдийн засгийн хамгийн хурц асуудлыг хөндөнө. Орос улсын ерөнхийлөгч, засгийн газрын хэн нь ч, эдийн засгийн энэ томоохон талбарт Орос улсыг урьд төлөөлж байгаагүй юм. Дэлхийн бүх оронд нөлөөлсөн гүн гүнзгий хямарлаас үүдэн дээгүүр тушаалын хүмүүс Давосын форумд оролцоно. Дэлхийн асуудал, эдгээр асуудлыг шийдэх оновчтой арга замыг эрж хайх онцгой газар бол Давосын форум юм. Давост америк долларт тулгуурлан 1940-өөд онд байгуулагдсан олон улсын санхүүгийн бүх бүтцийг шинэчлэх асуудлыг хэлэлцэнэ хэмээн шинжээч Александр Яковлев манай радио станцад өгсөн ярилцлагадаа дурдав. Тэр хэлэхдээ: « Ямар ч тохиолдолд энэ чиглэлд өөрчлөлт хийж байна. Америкийн эдийн засаг одоогоор маш хүнд байдалд байна. Тус улс хямарлаас урьдынх шигээ хүчтэй хэвээр гарах баталгаагүй. Америкийн эдийн засаг доройтохыг бид харна гэж зарим таамаглагч үзэж байна. Тус улсын эдийн засаг сүйрч, алга болох бус харин дэлхийн санхүүгийн системд тус улсын гүйцэтгэх үүрэг сулрахыг харна. Нөгөө талаас сүүлийн 10 жилд Азид санхүүгийн шинэ төвүүд бий болно. Азийн орнууд хуримталсан хүчээр 1998 оны хямарлыг бодвол хангалттай муугүй хэлбэрээр хямарлаас гарна» гэлээ.Давосын форумд цаг уурын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдлыг хангах, дэлхийн усны нөөцийг хадгалах зэрэг бусад чухал асуудлыг уламжлал ёсоор хэлэлцэнэ. Давос-2009 албан ёсны арга хэмжээ даруухан өнгө аястай болно. Дэлхийн өнөөгийн эдийн засгийн байдлаас үүдэн ямар нэг сүр дуулиантай арга хэмжээ зохион байгуулах үндэслэлгүй юм. Давосын өмнөх форумууд сүр дуулианаараа нэрд гарсан гэж профессор Клаус Шваб тэмдэглэсэн юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав