Монгол анд нөхдийн нийгэмлэгийн удирдах гишүүн, Орос улсын ардын зураач Яков Скрипков саяхан 90 нас хүрлээ. Тус нийгэмлэгийн дарга, сансрын нисэгч Виктор Горбатко түүнд Монголын анд нөхдийн нийгэмлэгийн нэрийн өмнөөс дурсгалын бичиг гардуулав. Тэрээр зураачийн гэрт очиж, ойгоор нь баяр хүргэсэн байна. Яков Скрипков нас дээр гарсан тул гэрээс төдий л гарахгүй ч, зочид хүлээн авч, уран бүтээлээ туурвисаар байна. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович зураачтай уулзжээ. Тэрээр зураачид ойгоор нь баяр хүргэж, бне тэнхээ ямар байгааг асуужээ.
     Я.Скрипков: “Миний бие сайн байгаа. Ажилласаар байна. Зураг зурах нь багассан ч, шүлэг дуртая үргэлжлүүлэн бичиж байна. Миний ойн өмнө “Өнгөрсөн явдал” нэртэй шүлгийн түүвэр хэвлэгдсэн. Миний намтрын ном л доо. Миний амьдралын янз бүрийн жилүүдэд болсон үйл явдлыг шүлгийн хэлбэрээр өгүүлсэн байгаа. Шүлгийн эмхэтгэлд Монголын тухай ч өгүүлсэн. Би олон жил энэ улстай холбогдсон”.
     Тэрээр 1939 онд Монголтой танилцжээ. Түүнийг уран зургийн оюутан байхад нь Монголын хил дээр байрлаж байсан улаан армийн морин цэргийн дивизид цэрэгт татжээ. Скрипковыг халагдахаас ердөө хагас жилийн өмнө буюу 1941 оны 4-р сард түүний алба хааж байсан дивизийг мот буудлагын анги болгон өөрчилж, Монголд илгээжээ. Яков Скрипковыг армид 2 жил алба хаалгахаар татсан ч, тэрээр 7 жил цэргийн алба хаажээ. Яков Никифорович ийнхүү дурсаж байна. “Би байлдагч байсан. Германитай дайн дэгдэх үед дайнд дорвитой бэлдэж, бид Чойбалсан хотоос Халх гол хүртэл төмөр зам тавьж байсан. ЗХУ-ын байдал хүнд байгааг харгалзан япончууд 1939 онд Монголд халдаж болзошгүй хэмээн тэр үед эмээж байсан юм. Алба хаахад хүнд байсан. Эрс тэрс уур амьсгалтай, тасралтгүй түгшүүр зарлаж, цаг агаарын ямар ч нөхцөлд шөнө сургуулилт хийж, сэтгэл санааны болон биеийн их ачаалалтай байсан”.
      Яков Скрипков болон бусад байлдагч ямар хүнд даваа туулсан нь ойлгомжтой. Тэдний үе тэнгийнхэн өрнөдөд фашист германтай тулалдаж амиа алдаж байсан бол тэд дайны явцыг мэдээнээс л сонсож байв. Скрипков фронт руу явахыг хэд хэдэн удаа хүсч байжээ. Гэвч ямагт татгалзсан хариу авч байв. Хүнд албанд байсан ч, улаан армийн байлдагч Скрипков амралтын цөөхөн цагт монголын амьдралын талаарх зураг зурж, армийн сонинд нийтлэл, шүлэг хүртэл тавьж байжээ. Залуу дайчны авьяасыг анзаарсан байна. Түүнийг 1942 онд дивизийн “Натиск” сонины редакцид хуваарилжээ. ЗХУ 1945 оны 8-р сард Японтой дайтах үеэр Скрипков сониныхоо дарга болсон байв. “Натиск” сонины 6 ажилтан, хэвлэх газрын мөн 6 хүн зөвлөлтийн цэргүүдтэй хамт Их Хянганаар дамжиж, дайсныг дарахад сэтгүүл зүйн чухал хувь нэмэр оруулсан билээ. Ахлагч Скрипков цэргээс халагдаж, Москвад ирээд чимэглэл, хавсарга урлагийн их сургуульд элсэж, тэр үеээс уран бүтээлээ туурвиж эхэлсэн байна. Скрипковын уран бүтээлийн үндэс нь хана, таазны шигтгэмэл зураг юм. Тэрээр Калинград, Волгоградын театр, Ульяновскийн багшийн дээд сургуулийг чимэглэжээ. Мөн Крымийн “Артек” зуслан, Москва орчмын оддын хотхоныг тэр мөн чимэглэсэн байна. Түүний Юрий Гагарины шигтгэмэл зургийг олон хүн мэдэнэ. Скрипков 2 мянга орчим зураг зуржээ. Хувь заяагаа Монгол улстай холбосон орос, монгол хүмүүсийн хөрөг, мөн этюд зураг байна. “Би Монголд алба хааж байхдаа хожим зураг болгон бүтээсэн 100 гаруй этюд зурсан. Эдгээрийг янз бүрийн үзэсгэлэнд тавьж, хүмүүст бэлэглэсэн. Худалдах ч үе байсан. Би Монголын сансрын нисгэгч Гүррагчаагийн хэд хэдэн хөрөг зураг бүтээсэн. Нэг зураг нь Алтайн орон нутгийг судлах музейд байгаа. Түүний зөвлөлтийн сансрын нисгэгч Жанибековтой авахуулсан зургийг би мөн зурсан. Мөн Виктор Горбаткогийн шигтгэсэн зураг ч бий. Би Сүхбаатарын хөргийг зурж, шигтгэсэн зургийг Монголын нэг музейд бэлэглэсэн юм. Харин хөргийг Орос улсад суугаа Монгол Улсын элчин сайдын яаманд өгсөн. Үүнээс гадна байгалийн сэдэвт “Их Говь”, “Их Хянган” зураг зурсан. Монголын тухай, энэ оронтой холбоотой хүмүүсийн хөрөг зургийг тоочоод барахгүй. Монол улс, энэ орны хүмүүс миний уран бүтээлд чухал байр суурь эзэлдэг. Би залуу зандан цагаасаа энэ орны өргөн уудам нутаг, өнгө будагт бүрмөсөн автсан билээ. Зураачийн хувьд энэ улсын бүх зүйл миний баяр бахдалыг төрүүлж байсан гэж Яков Скрпков хэллээ.   Монгол орон, ард түмэнд нь татагдсан тэрээр Монголын анд нөхдийн нийгэмлэгийн гишүүн болжээ. Тэрээр 1973 онд тус нийгэмлэгийн гишүүн болж өнөө хүртэл үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож байна. Тус нийгэмлэгий жилийн өмнө болсон тайлант сонгуулийн 4 дэх бага хурлаар түүнийг олон нийтийн энэ байгууллагын удирдах гишүүнээр дахин сонгосон юм. Орос, монголын найрамдалыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийн төлөө зураачийг Орос-Монголын нийгэмлэгийн 60 жилийн ойд зориулсан “Найрамдал” дурсгалын медалиар шагнажээ. Яков Скрипков Москвагийн Архитектурын их сургуульд олон жил багшилж байна. Москва хотын төвд орших өөрийн урландаа зураач монгол анд нөхөд, ажил нэгт нөхдөө олонтаа хүлээж авсан юм. Тэд Оросын ахмад зураачаас зөвлөлгөө авах, сонирхолтой хүмүүстэй уулзаж байсан түүх, дурсамжийг нь сонсохоор түүнтэй уулздаг. Нас сүүдэр 90 хүрсэн зураач одоо ч, залуу зураачдад зөвлөлгөө өгсөөр байна.

<сонсох>