Эрхэм радио сонсогчид оо, сайн байцгаана уу, “Оросын дуу хоолой” радиогоор долоо хоног тутмын “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг үргэлжилж байна. Уламжлал ёсоор захидлын тоймоос эхэлье. Шинэ жилийн баяр хүргэсэн захидал ирсээр байна. Бидэнд Германы Триптис хотоос нэгэн сонирхолтой захидал ирлээ. Манай сонсогч Майкл Линднер захидалдаа сайн сайхныг хүсэн ерөөгөөд, “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэл дээрх нэвтрүүлэг маш их таалагддаг тухай бичжээ. Эрхэм Линднер, Та бидэнд баяр хүргэсэнд талархаж байна. Европчүүдэд харь гэж хэлж болох энэ хэлээр “Оросын дуу хоолой” радиог сонсдог хүн Европт байгаа нь тааламжтай байна. Майкл та хаана монгол хэл сурсан бэ? Та “Оросын дуу хоолой” радиогийн интернет вэб хуудсыг нээгээд, www.ruvr.ru монгол хэлийг сонгоод хамгийн сүүлийн үеийн нэвтрүүлгийг сонсох боломжтой.
    Манай сонсогч Ж.Наранцэцэг, Төв аймгийн Баянчандмань сумын сонсогч Д.Дашринчин, Дорнод аймгийн Баян-Уул сумын   Ж.Нямдолгор, Ховд аймгийн Булган сумын сонсогч Ж.Баяндалай нар бидэнд чин сэтгэлээсээ халуун мэнд дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ.
     Эрхэм сонсогчид оо, бидэнд халуун мэндчилгээ дэвшүүлж, захидал илгээсэнд та бүхэнд талархаж байна.
Орхон аймгийн Эрдэнэт хотын сонсогч, инженер-технологич мэргэжилтэй Е. Магсаржав түүний “Найрамдал” клуб сурагчдын дунд асуулт хариултын уралдаан явуулсан тухай захидалдаа бичжээ. Энэ үйл явдлын хүрээнд янз бүрийн спорт, соёлын олон нийтийн ажил зохион байгуулсан байна. Асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулсан байна. “Москва хотыг хэн сайн мэдэх вэ” уралдаанд 5-р ангийн сурагч С.Батдэлгэр түрүүлжээ. Зургийн уралдаанд 7-р ангийн сурагч Г.Номинэрдэнэ түрүүлсэн байна. “Монгол-оросын ахан дүүсийн найрамдалт хот” уралдаанд 9-р ангийн сурагч Нармандах түрүүлжээ. Е.Магсаржалам захидалдаа өвлийн улиралд зохиох уралдааны арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцуулна хэмээн амласан юм. Эрхэм Е.Магсаржалам таны захидлыг хүлээж байна. Эрдэнэт хотод болсон уралдаанд түрүүлсэн бүх хүүхдүүдэд бид баяр хүргэе.
     “Оросын дуу хоолой” радио Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаан явуулж байгааг та бүхэн анзаарсан биз ээ. Хариултыг 2009 оны 7-р сарын 15 хүртэл хүлээн авч байна. Энэ уралдаанд түрүүлсэн Монголын гурван ялагчид үнэ бүхий бэлэг гардуулна. Та бүхэн захидал бичээрэй. Та бүхэн холбоо барих утас, хаягаа бичихээ мартуузай. Танд амжилт хүсье.
     Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сонсогч Ц.Даваасамбуугийн хүсэлтийг дуртаяа биелүүлье. Тэрээр хүү Туваасүрэн, Лхагвасүрэн, охин Сарангэрэл нартай хөгжмийн мэндчилгээ дэвшүүлжээ. Та бүхэнд Кубанийн казак хор дуулж байна. Тэдний “Залуусаа морио давхиул” дууг хүргэе.
    “Манай шуудангийн хайрцаг” ээлжит нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Ховд аймгийн Жаргалан сумын манай байнгын сонсогч Д.Дэлгэр тээврийн салбарт орос-монголын харилцааны хөгжлийг сонирхожээ. Ерөнхий сайд В.Путин 2030 он хүртлэх ОХУ-ын тээврийн үзэл баримтлалыг баталсан юм. Үзэл баримтлалын дагуу хэрэгжүүлэх ёстой бүх оросыг хамарсан төслүүдэд Буриадын бүгд найрамдах улсыг хамарсан хэдэн мөр байдаг. Буриадын бүгд найрамдах улс логистик төвийн хувьд баримт бичгийн үндсэн санаа нэгд муугүй багтжээ. Энэ нь дэлхийн тээврийн орон зайд интеграцчилах, Азиаас Европ хүртэл ачаа тээвэрлэлтийг татах замаар Орос улс тээвэрлэгч орны хувьд ажиллах боломжтой. Олон улсын тээврийн бодлогыг боловсруулахад Орос улсын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломжтой хөшүүргийн нэг нь Хяхт, Наушкитай хиллэдэг Буриадын бүгд найрамдах улс юм. В.Путины баталснаар Улаан-Үдээс Наушк хүртэл тавьсан төмөр замыг шинэчилнэ. Ойрын жилүүдэд шинэчлэхгүй ч, “буриадын дамжин өнгөрөх” зам Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэхгүйгээр шинэчлэх аргагүй. Ойрын жилүүдийн тэргүүн зэргийн зорилт юм. Хоёр дахь шатанд Улаан-Үд – Наушки хүртлэх замыг 2016-2030 онд шинэчлэхээр төлөвлөжээ. Монголтой ажиллахын зэрэгцээ Буриадад Наушки хүртлэх замыг цахилгаанжуулахаар төлөвлөж байна. Сибирийн Холбооны тойргийн дэд бүтцийн томоохон арга хэмжээний нэг нь энэ байна. “Оросын төмөр зам” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тухайд Монголд шинэ салаа байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ компани Монголын төрийн нэг байгууллагатай хамтран Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэхээр шууд ажиллах хамтарсан компани байгуулна. Энэ талаар хэдийн тохиролцсон. Төмөр замын тээврийг хөгжүүлэх салбарт хамтран ажиллах зохион байгуулалт-эрхийн нөхцлийг боловсруулах протоколд гарын үсэг зурсан байна. Оросын талаас баримт бичигт “Оросын төмөр зам” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин, Монголын талаас Зам тээвэр, хот, барилга төлөвлөлтийн сайд Халтмаагийн Баттулга нарын гарын үсэг зуржээ. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин болон Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр нар Астана хотод уулзахдаа Оросын төмөр зам, Улаанбаатар төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай зарчмын шийдвэр гаргасан юм. Одоо талууд нүүрсний нөөц бүхий “Таван толгой”, зэсийн хүдрийн “Оюу Толгой” орд газар хүртэл төмөр замын салаа зам барихаар төлөвлөжээ. Үүнээс гадна хамтарсан компани Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх үзэл баримтлалыг боловсруулах ёстой. Улаанбаатар төмөр замыг шинэчлэхэд хөрөнгө оруулах тооцоо, Монголын олборлох компанийн бүтээгдэхүүнийг оросын Номхон далайн сав газрын боомтод хүргэх шинэ шугам барих юм.
      Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Улаанбаатар хотын сонсогч Бямбын хүсэлтээр “Нисцэгээе” дууг хүргэе. Филипп Киркоров энэ дууг дуулна.
     Дархан хотын сонсогч Цэвэлмаа “Манай шуудангийн хайрцаг” өнгөрсөн оны дугаараар өгүүлсэн “Өрнө-Дорно” экспидицийн аялал дууссан эсэхийг асуужээ. Оросын адал явдалт “Өрнө-Дорно” аялалын эхний шат өндөрлөсөн. Зохион байгуулагчид болон аялалд оролцогчид “Санкт-Петербург-Улаанбаатар” чиглэлийн маршрутыг амжилттай туулсан. Аялагчид ЮНЕСКО-ийн үндсэний өвийн 6 объектод очсон байна. Эдгээрийн тав нь Орос улсад, нэг нь Монгол Улсад оршдог юм. Энэ бол эртний Чингисхааны нийслэл Хархорин хот юм. Аялалд оролцогчид алтай, буряд, монголчуудын уламжлалтай танилцаж, янз бүрийн хүмүүстэй уулзаж, экологийн фото аялал зохион байгуулж, төмрийн үед хамаарах хадны зураг, Монголын тал нутгаас Түрэгийн үеийн булш, төвд, эртний монгол хэл дээрх хадны бичиг зэргийг илрүүлж, археологийн нээлт хийсэн байна. Аялагчид очсон газрынхаа гайхалтай гэрэл зураг авч, ихээхэн цуглуулгатай болжээ. 2009 оны хавар эдгээр зургийн заримыг Санкт-Петербургийн үзэсгэлэнд тавина. Үүнээс гадна “Өрнө-Дорно” аялалын бүрэн хэмжээний кино хийж байна. Евразийн аялал өнгөрсөн оны 6-р сарын 23-аас Хойд нийслэлээс гарсан байна. Аялалд оролцогчид хагас жилд экваторын уртаас 1,5 дахин их зам туулжээ. Петербургийн баг маршрутын заримыг газар уснаа явагчаар, заримыг галт тэрэг, нисэх онгоцоор туулжээ. “Өрнө-Дорно” аялалын хоёр дахь шат энэ жил болно. Аялалын маршрут Монголын өмнөд хэсгийн Говь цөл, Хятад, Төвд, Балбын вант улсын нутгийг дайрана. Хүссэн хүн бүр аялалд оролцох боломжтой. Бид та бүхэнтэй аялалын дараагийн шатыг ажиглана.
     Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Өмнөговь аймгийн Лхагвасүрэнгийн хүсэлтээр “Цас эргэлдэж” байна дууг хүргэе.
    “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг үргэлжилж байна. Орос улсын байгаль, ургамал, амьтныг хамгаалах арга хэмжээний талаар өгүүлсэн нэвтрүүлэг их таалагдсан тухай Увс аймгийн Баруунтүрүүн сумын сонсогч Ш.Жамбалсүрэн, Өмнөговь аймгийн сонсогч Е.Бямбажав, Улаанбаатар хотын оршин суугч С.Дагвадорж нар захидалдаа бичжээ. Энэ удаа Оросын талын зээрийн ховор төрлийг сэргээх тухай өгүүлнэ. Өвөрбайгалд 2009 онд байгайлийн “Зээрийн хөндий” захиалгат газар байгуулжээ. Өвөр байгалийн хязгаарын оршин суугчид 200 мянга гаруй га газар нутагт талын ховор зээрийн тоо толгойг нэмэх шийдвэрийг саяхан олон нийтийн хэлэлцүүлгээр баталлаа. Байгаль дэлхий өөрөө ийм боломж олголоо. Монголд ган гачиг болсны улмаас оросын хилд бөөгнөрсөн 30 мянган зээрийг аврах яаралтай арга хэмжээг өнгөрсөн оны 5-р сард хэрэгжүүлсэн билээ. Зээр хилийн хаалтад орооцолдохоос сэргийлж, Оросын хилчид хилийн инженер-техникийн байгууламжид тусгай гарц нээжээ. Хилийн хамгийн “түгшүүртэй” хэсэгт зээргийг 32 цэгт усалж байжээ. Урьд оросын ердийн амьтны төрөл байсан зээр хожим устасан ч, хөрш Монголын нутагт тоо толгой нь хэвээр үлджээ. Орос улсад энэ амьтныг улаан номонд оруулсан байна. Оросын нутагт зээр сүүлийн 20 жилд анх удаа 2008 оны хавар ийм олноороо орж иржээ. Урьд зээр Оросын нутагт өвөлжөөд дараа нь монголын нутагт очдог байжээ. Энэ удаа зээр удаан байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тэд хавар Оросын нутагт төллөжээ. Шинэ амьтны төрөх газар бий болжээ. Орос улсад энэ амьтны төрлийг сэргээх боломж бүрдлээ. Онгон байгалийг хамгаалах дэлхийн сан өвөр байгалийн Даурын дархан цаазат газар аврах ажиллагаанд зориулж мөнгө хуваарилсан байна.
   “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг үргэлжилж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сонсогч Д.Равдансамбуу Алла Пугачеваг шүтэн бишрэгчдийн нэг билээ. Одоо түүний “дуучин шувуу” дууг хүргэе.
   “Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлэг” дууслаа. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье. Та бүхэн бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултанд дуртаяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Эрхэм сонсогчид оо, дэлхийн улс төрийн үйл явдал, орос-монголын харилцааны талаарх мэдээ материал, мөн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг манай www.ruvr.ru вэб хуудасны монгол хэл дээрх хуудаснаас уншина уу.

<сонсох>